Энэ шуудангийн хайрцаг нь илгээмжийн аюулгүй байдлыг бүрэн хангах олон улсын стандартын дагуу хийгджээ. Илгээмж авах хүний иргэний үнэмлэх болон хурууны хээг мэдэрдэг байна. Тус шуудангийн хайрцаг нь 50 нүдтэй бөгөөд шуудангийн хайрцаг багтаамж гурван төрөл бөгөөд та ачааныхаа хэмжээнээс хамаараад том, дунд, жижиг гэсэн хэмжээнээс сонгох боломжтой байна. Том хэмжээ нь 420.370.610 милометр, дунд хэмжээ 420.235.610 милометр харин жижиг нь 420.100.610 милометр хэмжээтэй аж. Мөн ухаалаг шуудангийн хайрцаг нь мэдрэгчтэй дэлгэц, процессор, карт болон бэлэн мөнгө уншигч, баркод скайнер, гурав жи модем, терминал принтер болон спикер, микрофон, камер, дохиоллын систем зэрэг сүүлийн үеийн бүхий л технологийг шингээсэн ашиглахад хялбар төхөөрөмжтэй аж. Ухаалаг шуудангийн хайрцагийг “Нью-Соник” компани хийж гүйцэтгэж байгаа бөгөөд нэг байршлын шуудангийн хайрцагийг 35 сая төгрөгөөр суурилуулж байгаа аж. Мөн мэдээллийн дэвшилтэд технологи ашиглан шуудангийн үйлчилгээг түргэн шуурхай авах, 24 цагийн турш илгээмж хүлээж авах боломж бүрдэх юм. Уг ухаалаг шуудангийн хайрцаг эхний ээлжинд зөвхөн шуудан хүлээж авах үйлчилгээг үзүүлж байгаа гол дараагийн ээлжинд шуудан илгээх үйлчилгээг нэвтрүүлэх гэнэ.
Нийслэлийн хэмжээнд 20 ширхэг ухаалаг шуудангийн хайрцагийг байрлуулах аж. Үүнээс 18-ыг нийслэлд, хоёр шуудангийн хайрцагийг Эрдэнэт болон Дархан хотод суурилуулна гэж төлөвлөжээ. Энэ сарын 28-нд багтааж бүх төхөөрөмжийг байрлуулж дуусгах гэнэ. Эхний ээлжинд Яармаг дах “Вива” хороолол, 32-ын тойргийн Бүрэн плаза, Баянхошуу дах “Боса” худалдааны төв болон Төв шууданд нээх гэнэ. Бусад шуудангийн хайрцагийг Мэдээлэл технологийн парк, Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын байр, Хужирбулан, Хөдөө аж ахуйн их сургуулийн төв байр, Чингис хаан олон улсын нисэх буудал, Төмөр замын төв буудал, Сонсголон дах Зэвсэгт хүчний 013-р анги, Улсын их дэлгүүр, Зайсан дах “Оргил”, “Хоме плаза” төвүүд, 1-р хорооллын “Өнөр-номин”, 3-р хороолол дах “Номин”, Бишрэлт зочид буудалд тус тус байршуулахаар төлөвлөжээ.
Шуудангийн үйлчилгээнд шинэчлэл хийх уг төсөлд Ерөнхий сайдын багцын хөрөнгөнөөс 1,9 тэрбум төгрөг зарцуулж байна. Энэ сангаас өмнө нь улсын автозамын сүлжээг дагасан орчин үеийн тээвэр логистикийн үйлчилгээнд зориулж хот хоорондын шуудан тээврийн зориулалтын найман автомашин хүлээлгэн өгч байсан.
Монгол Улсын хэмжээнд бүрэн хаягжуулалтад хамрагдаагүй, гудамж талбайн байршил замбараагүй байдаг. Тиймээс шуудан гэдэг ойлголт манай иргэдийн дунд бараг “устсан”. Тэгвэл шуудангийн үйлчилгээг иргэн бүрт түргэн шуурхай, бага зардлаар хүргэх хугацаа хэмнэх, хүртээмжийг сайжруулахад нэмэр болж шуудангийн салбарын шинэ үе тавигдаж байна. Хөгжилтэй орнуудад шуудангийн салбар өндөр төвшинд хөгжсөн байдаг. Зарим орнуудын иргэд гэрээсээ гаралгүй шуудангаар дамжуулан парламентын сонгууль өгч, сануулах хуудас, хүсэлт, санал зэргийг гэрийнхээ үүдний шуудангийн хайрцагнаас авч, өгөх жишээтэй. Тэгвэл бид өнөөдөр ухаалаг шуудангийн хайрцгаар дамжуулан гадаад паспортны мэдүүлэг, татварын тайлангаа тушаах боломж бүрдлээ.
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин