
Энэ өдөр Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга болон бусад холбогдох албаны хүмүүс тус эмнэлэгт хүрэлцэн очиж, эмнэлгийн засвар, үйл ажиллагаатай албан ёсоор танилцав.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд “Эхчүүдтэй уулзлаа, сэтгэгдэл өндөр, сайхан байна. Энэ бол эх үрсийнхээ эрүүл мэндийн төлөө бидний хийж, хэрэгжүүлэх ажлын эхлэл. Шинээр төрөх эмнэлэг барихаар төлөвлөсөн байгаа. Эдгээр ажил үе шаттайгаар хэрэгжинэ. Хоёрдугаар амаржих газар болоод шинээр байгуулагдах төрөх эмнэлэг барих 19 тэрбум төгрөг энэ жилийн улсын төсөвт суусан. Шинэ төрөхийн барилгын ажлыг шуурхай, хамгийн гол нь чанар стандартын дагуу гүйцэтгэх үүргийг Эрүүл мэндийн яаманд өгсөн. Эхчүүдийнхээ үр хүүхдээ төрүүлэх аюулгүй, тав тухтай орчныг бүрдүүлэх нь төр засгийн үүрэг. Энэ үүргийнхээ дагуу УИХ, Засгийн газраас үе шаттай ажил хэрэгжүүлж байгаагийн нэг нь Нэгдүгээр төрөхийн засварын ажил байлаа” гэж тус эмнэлгийн засвартай танилцах үеэрээ ярьлаа.
Тус амаржих газрын дарга Д.Энхбаяр энэ үеэр “Бид барилгын засварын ажлаа энэ сарын 1-нд хүлээж авсан. Өнөөдрийг хүртэлх хугацаанд ариутгал, цэвэрлэгээ халдваргүйжүүлэлт хийж, Мэргэжлийн хяналтын газраас үйл ажиллагаагаа хэвийн явуулж болно гэсэн дүгнэлт гарсны дагуу эхчүүдээ хүлээн авч байна. Манай эмнэлэг нийт 240 ортой, одоогийн байдлаар 26 эх төрөхөөр ирээд байна” гэв.
Тус эмнэлгийн барилгын засварын ажилд 2.1 тэрбум төгрөгийг зарцуулсан юм. Эмнэлгийн нөхцөлд тохирсон сантехник, агааржуулалтын системийг иж бүрнээр нь сольсон учраас дахин бохир халих асуудал гарахгүй гэж албаныхан ярьж байна. Түүнчлэн тус амаржих газрын хойд талын хоёр давхар хуучин барилгад түрээсийн үйл ажиллагаа явуулдаг хувийн эмнэлэг, эмийн сангуудыг бүгдийг нүүлгэн уг барилгыг нурааж, найман давхар орчин үеийн төрөх эмнэлэг барина хэмээн Эрүүл мэндийн сайд С.Ламбаа энэ үеэр мэдэгдлээ.
П.Наран