Тайландад салхи эргэх үү?

Хуучирсан мэдээ: 2014.02.06-нд нийтлэгдсэн

Тайландад парламентын сонгуультай холбогдуулан тогтоосон 60 хоногийн онц байдал үргэлжилж байна. Мөн Ерөнхий сайд Йинглак Шинаватраг огцрохыг хүссэн жагсаал, цуглаан өнгөрсөн хугацаанд Бангкок хотноо түймэр мэт дүрэлзэж байснаа бодвол өдгөө хаа нэг галын цог шиг улалзах болжээ. Тайландын сөрөг хүчнийхэн өнгөрсөн арваннэгдүгээр сараас хойш олон нийт болон цэргийхнийг өөртөө нэгтгэж, төрийн эргэлт хийхээр оролдож байв. Нийслэлд онц байдал тогтоохоос өмнө босогчид Засгийн газрын яамд, цагдаагийн удирдлагын байр руу улангасан дайрч, хаа сайгүй эмх замбараагүй байдал үүсгэсэн бөгөөд Ерөнхий сайд Йинглак Шинаватра хэсэг хугацаанд нийслэлээс зугтахад хүрсэн юм. Гэхдээ Йинглак нийслэлд эргэж ирснийхээ дараа парламентыг тарааж, ээлжит бус парламентын сонгууль зарлан байдлыг намжааж чаджээ.

Ийнглакийг огцруулах үндэслэл

Тайландын Ерөнхий сайд Йинглак Шинаватра өнгөрсөн арваннэгдүгээр сард Өршөөлийн хуулийн төсөл өргөн барьснаар сөрөг хүчнийхний хавханд унажээ. Засгийн газарт хэлэлцэгдэж эхэлснээс хойш улс орон даяар маргаан дагуулсан Өршөөлийн хуулиар далимдуулан парламентад суудалгүй сөрөг хүчнийхэн Йинглакийн намыг түлхэн унагаах эсэргүүцлээ эхэлсэн юм. Сутер Таугсубан тэргүүтэй сөрөг хүчнийхэн Йинглакийг ах Таксиныхаа заавраар ажилладаг хэмээх цуурхлыг ард олны чихэнд шивнэж, өршөөлийн хуулийг ахынхаа төлөө батлуулах гэлээ гэж иргэдийг турхирчээ. Гэсэн ч ард иргэд Йинглакийг суудлаас нь зайлуулах эсэхэд хоёр хуваагдсанд сөрөг хүчнийхэн  түүнээс цагаан будааны урамшуулалтай авилга авсан гэх хэргийг ил гаргаж ирсэн юм. Ийнхүү Тайландын Авлигатай тэмцэх хорооноос Ерөнхий сайд Йинглак Шинаватраг тариалагчдад цагаан будааны тэтгэмж олгох Засгийн газрын маргаантай хөтөлбөртэй холбогдуулан авлига авсан хэрэгт шалгаж эхэлжээ.

Тайланд 2011 оноос хойш тариаланчдын орлогыг нэмэгдүүлэх хөдөө дэх ядуурлыг бууруулах зорилгоор Засгийн газраас цагаан будаа худалдан авалтын хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн байна. Тайландын Засгийн газар зах зээлийн үнээс 50 хувийн илүүтэйгээр фермерүүдээс цагаан будааг худалдан авах шийдвэр гаргасан. Энэ нь хөдөөгийн хүн амын дунд тааламжтай шийдвэр болсон ч экспортын өрсөлдөх чадварыг эрс буулгажээ. Улмаар хэтэрхий их цагаан будааны нөөц үүсгэснээс үүнийг худалдахад эрх баригчдад хүндрэл учирсан аж. Түүнчлэн тайланд будааны үнэ бусад өрсөлдөгч нарынхаас тонн тутамдаа 130-150 ам.доллараар илүү үнэтэй байгаа нь олон тооны экспортлогч нар үйл ажиллагаагаа зогсооход хүргэжээ.  Тайланд нь жилдээ 20 сая орчим тонн будаа тарь, бараг тал хувийг нь гадаадад нийлүүлдэг байсан. Харин Засгийн газар будааг худалдан авч эхэлснээс хойш нөөц нь 12-13 сая тонн болоод байгаа бөгөөд энэ оны гуравдугаар улиралд  20 сая тонн болох юм. Тайланд дэлхийн хэмжээнд цагаан будааны хамгийн том экспортлогч гэсэн 30 жилийн турш хадгалж ирсэн байр сууриа 2012 онд Энэтхэг, Вьетнамд алдсан билээ. Тайландын Ерөнхий сайд Йинглак Шинаватра нь Цагаан будааны үндэсний хороог тэргүүлдэг юм.

Харин түүний ах Таксин Шинаватра нь Тайландын Засгийн газрыг таван жил тэргүүлсний эцэст 2006 онд авлига хээл хахууль, хүнд суртал гаргаж хувьдаа төрийн албыг урвуулан ашигласан хэргээр улаан цамцтан босогчдод хөөгдөн эх орноосоо гарсан  байв.

Тайландын улстөрийн зөрчил эдийн засагт хүндээр тусав

Олон улсын эдийн засгийн шинжээчид улстөрийн зөрчил мөргөлдөөнөөс шалтгаалан Тайланд дотоодын хэрэглээ, хөрөнгө оруулалтандаа алдагдал хүлээхийг онцлов. Энэ нь цаашилбал, Тайландын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөнд нөлөөлж огцом бууралт ажиглагдаж эхэлжээ. Тайландын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 2012 онд 6.5 хувьд хүрч байсан бол 2013 оны гуравдугаар хагаст 2.7 хувь хүртэл буурсан байна.  Засгийн эрхийн төлөөх тэмцэлд хохирч хоцрох нь ард иргэд юм. Учир нь эдийн засгийн тогтворгүй байдлын сөрөг үр дагавар хожим ард олны амьдралд шууд нөлөөлөх нь тодорхой. Тайландад зөрчил, мөргөлдөөн гаарснаас хойш байгалийн хий, пропаны үнэ хоёр дахин нэмэгдэж, далайн бүтээгдэхүүний үнэ ч өсчээ. Тайландын ард иргэд бүх зүйл хэтэрхий үнэтэй болж байгаад Засгийн эрхийг булаацалдагч талуудыг буруутгаж байна.

Үүний зэрэгцээ Ерөнхий сайд Йинглакийн удирдлагаар Засгийн газраас будааны үнийг зах зээлийн ханшнаас дээгүүр тогтоосноор Тайландын хойд нутгийн тариаланчид түүнд сайшаалтай хандаж байгаа боловч 8.7 сая хүн оршин суудаг өмнөд нутгийн хөдөө аж ахуйн гол бүтээгдэхүүн өнгөрсөн гурван жилийн хугацаанд 50 хувиар буурчээ. Ингэснээр Тайландын өмнөд нутгийн ядуу буурай ард иргэд улстөрийн зөрчил мөргөлдөөнийг хойд хэсгийн баячуудын эсрэг тэмцэл мэтээр хүлээж авч байна.

Сонгуулийг бойкотлох ажиллагаа

Тайландын сөрөг хүчнийхэн Йинглакийг огцорч, сонгуулиас нэрээ татахыг шаардан парламентын сонгуулийг бойкотлов. Харин Тайландын Засгийн газраас парламентын сонгуулийн  санал хураалтыг хэвийн зохион байгуулахын тулд нийслэлд 10 мянган цэргийн хамгаалалт гаргажээ. Гэсэн ч сөрөг хүчнийхний үйл ажиллагааны улмаас өмнөд нутгийн есөн мужийн зургаан сая орчим хүн парламентын сонгуульд оролцож чадсангүй. Засгийн газрын эсрэг тэмцэгчид чадах чинээгээрээ санал авах байруудыг хааж, санал хураах ажиллагааг зогсоохыг оролдсоноос оролцоогүй есөн мужийн эс тооцвол сонгууль 46 хувьтай болж өндөрлөжээ. Нийслэл Бангкокт 4.3 сая сонгогчийн нэр бүртгэгдсэнээс 733 мянга /16 орчим хувь/ нь саналаа өгсөн байна. Харин эрх баригч намын дэмжигчид голдуу хойд мужуудын ирц 55 хувьтай гарчээ.  Өмнөх 2011 онд Тайландын бүх нийтийн сонгуульд ард иргэд 75 хувийн ирцтэй оролцож байв.

Түүнчлэн Тайландын сонгуулийн хорооноос нь ирэх өдрүүдэд парламентын сонгуульд оролцоогүй өмнөд хэсгийн мужуудад санал хураалт явуулж дуусах хүртэл эцсийн үр дүн, ялагчийг зарлахгүй гэдгийг мэдэгдсэн. Үүнээс хоёр хоногийн дараа 1992 оноос хойш парламентад ялалт байгуулж чадаагүй демократ намаас Үндсэн хуулийн шүүхэд хандан өнгөрсөн сонгуулийг хүчингүйд тооцох хүсэлт гаргасан юм. Мөн Тайландын зүүн хойд хэсгийн мужуудад санал худалдаж авах ажиллагаа явагдсан гэж сөрөг хүчнийхэн мэдэгдэж байна. Хараахан Тайландын сонгуулийн дүн гараагүй байгаа тул ард иргэд харьцангүй тайван байна. Гэхдээ ялалт хэний талд гарснаас шалтгаалан сөрөг хүчнийхний дараагийн нүүдэл шийдэгдэх юм. Тайландад үүссэн улстөрийн зөрчил мөргөлдөөнд Йинглак ялах уу, эсвэл парламентад суудалгүй сөрөг хүчнүүд ялж, засаг эргэх үү?

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж