

Хэзээнээс нааш Орос орны хамгийн төвөгтэй асуудал нь болсон христос, лал, будда бүгдтэй нь хиллэдэг, хил хязгааргүй мэт өргөн уудам газар нутаг нь… Дэлхийн агуу том гүрнүүдийн нэг болгосон анхдагч хүчин зүйл нь ч энэ биз. Цагаан олимпийн өмнөхөн шашны бүлэглэл тэнд халдлага үйлдсэн нь “Сочи-2014” олимпийн аюулгүй байдалд санаа зовохоос аргагүй нөхцөл байдал үүсгэснийг хүмүүс мэдэж байгаа. Энэ мэт асуудал томорсоор сүүлдээ улстөржиж, Японоос эхлээд дэлхийн олон орны төрийн тэргүүн нар “Сочи-14”-ийн нээлтийн арга хэмжээнээс татгалзахад хүргээд байна.
Олимпийн түрүү булаалдах хэмжээний улс орнууд олимпийн нээлтэд томоохон зочид, төлөөлөгчдөөс оролцуулахаас татгалзсан энэ үед хоёрхон тамирчноо сойж байгаа Монгол Улс Ерөнхийлөгчөө Сочи рүү үдсэн нь сонирхолтой. Тамирчдынхаа дээлийн захыг мушгихаас илүүтэй улс төрийн утга агуулгаар түүний энэ удаагийн аялал хэмжигдэж байгаа болов уу гэж харагдаж байна. Тодруулбал, ОХУ, Монгол хоёр орны харилцааны асуудлуудыг урагшлуулахад түүний алхам чухал юм. Уламжлалт харилцаатай сайн хөрш, цагийн сайханд ахан дүүс болж явсан Орос, Монголын харилцаа сүүлийн жилүүдэд төдийлөн урагшилж өгөхгүй байгааг бид анзаарч байгаа.
Уул уурхай, дэд бүтэц гээд стратегийн салбаруудад хамтын ажиллагаа төдийлөн өргөжихгүй, ах нарын хөрөнгө оруулалттай томоохон компани, корпорацийн нэр ус дорвитой сонсогдохгүй байгааг олон түмэн анзаарч эхэлсэн. Өнгөрсөн онд Монгол Улс гадаадын олон үнэ хүндтэй зочид, төлөөлөгчид хүлээн авсны дунд хойд хөршөөс маань нэг, хоёрхон дэд сайдын нэр сонсогдоод өнгөрсөн бол манай талаас Москвад өндөр, дээд төвшинд айлчилсан нь бас л үгүй… Өнгөрсөн оны 11 дүгээр сард Ерөнхий сайд айлчлахаар яригдаж байсан ч хойшилсоор байгаа. Ийм үед Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өвлийн олимпийн нээлтэд оролцож байгаа нь хоёр орны харилцааг эрчимжүүлэхэд сайн нөлөөтэй биз ээ.
Нөгөөтэйгүүр Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгчийн албыг шинээр Томас Бах манай Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хувийн урилга илгээж, хүлээн авалтад урьсан юм байна. Германы иргэн, туялзуур жадны тамирчин Томас Бах Ц.Элбэгдоржтой эртний танилууд гэнэ. Монголд өмнө нь ирж, ардчиллын хөдөлгөөний зүтгэлтэн Элбэгдоржтой хөдөө, гадаа аялж байсан дурсамжтай нэгэн.
Олимпийн нээлтийн урьд орой болох хүлээн авалт уригдсан орны удирдагчдын хувьд хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг ойртуулах чиглэлд яриа хөөрөө үүсгэх сайхан боломжийн нэг. Олимпийн төрөлд монголчууд чамлахааргүй амжилттай яваа. Цаашлаад өвлийн олимпод нэртэй, данстай болох боломж бидэнд бий. Эх газрын эрс тэс уур амьсгал, урт өвөлтэй Монгол оронд өвлийн спортын төрлийг хөгжүүлэх, өвлийн аялал жуулчлалыг бий болгох ирээдүй уг нь бий. Энэ удаагийн олимпод оролцож байгаа хоёр тамирчныхаа өмсгөл, хувцсыг гоочлохоосоо илүүтэй ийм асуудлуудыг харж, хүчээ нэгтгэх цаг уг нь болсон.
Өвлийн олимпийн наадамд хоёрхон тамирчинтай оролцож байгаа ч төрийн тэргүүн нь “Сочи-2014”-ийн нээлтийн арга хэмжээнд оролцохоор ОХУ-ыг зорьсон нь хоёр орны харилцааны болоод хэтийн асуудлыг тооцоолсон бодлогын алхам байх нь ээ.