
Мэдээллийг маш нууцын хэмжээнд сонсгож, зөвхөн УИХ-ын гишүүд оролцсон бөгөөд сэтгүүлчид, УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаныхныг нэвтрүүлсэнгүй. Тэр бүү хэл, зөвлөхүүд, Тамгын газрын ажилтнуудыг ч оруулаагүй юм.
УИХ-ын чуулганы танхимын ойролцоо хэсэг болох Төрийн ордны хоёр, гуравдугаар давхрын төв хэсэгт гар утасны долгион сарниулагч тавьж, чуулганы танхимаас гадагш дотогш утсаар ярих бүх бололцоог хаасан байв. Чуулганы танхимын үүдний харуулыг ердийн үеийнхээс олшруулан хүч нэмэгдүүлж, ойр хавиар явах боломжгүй болгосон юм.
Хааяа гарч орох гишүүдээс дотор ямар яриа болж буйг асуухад бүгд хэлэх боломжгүй хэмээж байв. Албан бусаар чих дэлссэн үгээр бол ашигт малтмалын ордуудын ашиглалт, төмөр замын бодлого, эх нялхсын эрүүл мэнд, хүн, малын халдварт өвчний гаралт, шинээр барих амаржих газар гээд бүхий л сэдвээр ярилцаж, гишүүд сонирхсон асуултдаа хариулт авчээ. Үүн дотор Монгол Улсын мөнгөний нөөц, валютын сан хөмрөг, үнийн өсөлт, бензин шатахууны нөөц, цэрэг, батлан хамгаалахын чиглэлийн маш нууц мэдээллүүдийг ч ярилцсан гэсэн албан бус яриа байна.
Сүүлийн үед УИХ-ын Тамгын газар, Гадаад харилцааны яамны хариуцлагатай ажилтнуудаас гадаад орнууд руу үндэсний аюулгүй байдалтай холбоотой маш нууц мэдээллийг дамжуулсан хэргээр байцаагдаж, шалгагдаж буй. Ер нь Монголын төрд нуух зүйл байна уу гэх эргэлзээ ч төрөх болсон. Тэр үйлдэл ч мэдээллийг зөвхөн УИХ-ын гишүүдийн хүрээнд сонсох шалтгаан болсон бололтой. Үүнийг Тамгын газрын ажилтнууд, сэтгүүлчид ойлгож “Улс орон бүү хэл хувь хүнд ч хэнд ч хэлдэггүй нууц гэж бий. Тиймээс ийм хязгаарлагдмал хүрээнд төрийн хар хайрцагны бодлогоо ярилцах нь зөв” гэцгээж байлаа.
Д.ОЮУН