Хуучирсан мэдээ: 2014.02.06-нд нийтлэгдсэн

ГИХАЭГ томрох нь

Хилийн боомтын тухай хууль өнгөрсөн жилийн эцсээр батлагдсан бөгөөд ирэх  дөрөвдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх юм. Уг хуулийн хүрээнд өөрчлөгдөх асуудлын талаар өнөөдөр Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газраас мэдээлэл хийлээ. Уулзалтад тус газрын дарга Б.Пүрэвдорж болон албаныхан оролцсон юм.

Хуулийн хүрээнд Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газрын нэр, үйл ажиллагааны бүтэц өөрчлөгдөх ажээ. Ингэхдээ Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн шалган нэвтрүүлэх албаны зарим чиг үүрэг тус газарт шилжин, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар болох юм байна.

Урьд нь хилийн боомтын талаар тухайлсан хууль байдаггүйн улмаас хилийн боомтын хөгжил, ажиллагсадын нийгмийн асуудал нэгдсэн бодлого зохицуулалтгүй явсаар ирсэнийг уулзалтын үеэр ГИХАЭГ-ын дарга Б.Пүрэвдорж онцолсон юм. Энэхүү хууль хэрэгжсэнээр хилийн боомтын хөгжүүлэх эрх зүйн үндэс бий болохоос гадна хилийн боомтыг дамжин өнгөрөх, шалган нэвтрүүлэх бүс бус, эдийн засаг, бизнесийн хөгжлийн төв болгон хөгжүүлэх ажлыг Боомтын хөгжлийн нэгдсэн бодлогоор хийх боломжтой ажээ. Мөн хилийн боомтод хийж буй хяналт шалгалт, албан хаагчдын нийгмийн баталгаа сайжрах юм байна.

Нэрээ солин шинээр байгуулагдах Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний байгууллага нь улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлж, бүртгэлийн нэгдсэн сан байгуулах үүрэг хүлээх ажээ. Түүнчлэн Монгол Улсаас гадаад улсад суугаа дипломат төлөөлөгчийн газартай хамтран гадаадад зорчиж буй монголчуудын эрх, эрх чөлөө зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, манай улсад зорчиж буй гадаадын иргэдийн хилээр нэвтэрснээс эхлэн буцаж гарах хүртэл хяналт тавихаар болжээ.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж