Рүүни Английн фенүүдээс уучлал хүсэв

Хуучирсан мэдээ: 2010.06.21-нд нийтлэгдсэн

Рүүни Английн фенүүдээс уучлал хүсэв

Өнгөрөгч баасан гаригийн үдэш тэнцээгээр өндөрлөсөн Англи болон Алжирийн багийн тоглолтын дараа Английн шигшээ багийн довтлогч Уейн Рүүни хөгжөөн дэмжигчдэдээ зохисгүй авир гаргасандаа уучлал хүсчээ.
Тоглолтын эцсийн шүгэл дуугарч, тоглолт 0:0-ээр өндөрлөсний дараа хэдийнээс алдартай Английн багийн фанатууд багийнхаа амжилтыг голон орилолдож байсан бөгөөд энэ үеэр Рүүни телевизийн камерт “нутгийнхаа хөгжөөн дэмжигчид boo-лж байхыг харах сайхан байна” хэмээн хэлж амжжээ.
Харин тэрбээр хожим нь “Бидний тоглолт, тоглолтын үр дүнгээс шалтгаалан тухайн үед үүссэн байсан нөхцөл байдлын улмаас би тийм зохисгүй үг хэлжээ. Би хувьдаа энэ зүй бус үйлдлийнхээ төлөө уучлал хүсч байна” гэжээ.
Өнгөрсөн улиралд Премьер лиг болон Аваргуудын лигт гялалзаж, 34 гоол оруулсан тэрбээр Английн шилдэг хөлбөмбөгч болсон боловч харамсалтай нь дэлхийн аваргын ногоон дэвжээнд төдийлөн амжилт гаргаж чадахгүй байгаа билээ. Ялангуяа Алжирийн багтай хийсэн тоглолтод олон ч удаа дамжуулалт алдаж, бүтэлгүйтсэн юм. Гэхдээ тоглолтын дараа Английн шигшээ багийн дасгалжуулагч Фабио Капелло түүний талаар “Тэр олон удаа бөмбөгөө алдаж, олон ч дамжуулалт алдаж, тааруухан тоглолт гаргасан. Гэсэн хэдий ч тэр бол багийн чухал тоглогч хэвээр байгаа. Тэр форм сайтай байгаа. Бэлтгэл сургуулилт сайн хийж, бусад тоглогчдын адил талбайд хангалттай тоглосон туршлагатай тамирчин. Тэр бол төгс. Харин ганц асуудал бол сэтгэл зүй. Би үүнийг маш сайн мэдэж байна. Би тоглогч байсан, энэ цаг үеийг маш сайн санаж байна. Сэтгэл зүйн хувьд OK байгаа цагт талбайд тийм л байх болно” гэжээ.
С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж