Золголтоо дуусгая аа, монголчууд аа

Хуучирсан мэдээ: 2014.02.06-нд нийтлэгдсэн

Золголтоо дуусгая аа, монголчууд аа

Сар шинийн баяр дуусч, ажлын өдрүүд эхлээд дөрөв хонож байна. Гэтэл төрийн албан хаагчдын сар шинийн золголт дуусаагүй шинжтэй, зарим  яам агентлагийн дарга нар өрөөгөө цоожилж утсаа салгаад алга болчихож.   Өнгөрсөн мягмар гаригт хуралдах ёстой байсан Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооныхон тодорхой шалтгаанаар хурлаа хойшлуулав.  Уг нь тус байнгын хороо өнгөрсөн жил хийсэн ажлаа тайлагнах ёстой байлаа.

 Монголчууд жил бүр цагаан сарын баярыг өргөн дэлгэр тэмдэглэдэг.  Энэ уламжлалынхаа дагуу энэ жилийн цагаан сар өргөн дэлгэр сайхан боллоо.  Өнөөдөр ч албан газруудын айлчин, гийчин, золголт үргэлжилсээр байгааг харвал шүү дээ.

Цагаан сараар олон хоног баярладаг, баярынхаа уур амьсгалаас салж чадахгүй уддаг болохоор УИХ-ын гишүүн Су.Батболд  Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг  өнгөрсөн онд хэлэлцэн бүгдээрээ нэгэн дуугаар, баяр хөөртэйгөөр цагаан сараар гурван хоног амрах хэрэгтэй гэж үзэцгээсэн билээ. Тухайн үед бүр тав хоног амаръя гэдэг саналыг ч УИХ-ын зарим гишүүн гаргаж байсан. Тийм олон хоног албан ёсоор амрах эрхийг өгсөн бол төрийн албан хаагчид ажлаа хийдүүлэхгүй байсан болов уу, аль эсвэл ахиад бүр 10 хоног алга болох байсан болов уу. Ямар ч байсан амрах хоног олширлоо гээд ажлын үр бүтээмж сайжрахгүй нь ойлгомжтой байна. Энэ жилийн хувьд сар шинийн баяр амралтын өдрүүдэд таарсан. Үүнд шаралхсан уу, ямар ч байсан зарим дарга нар ажилдаа ирэхийг төвдөхгүй байгаа нь илт. Зарим сайд яамныхаа ажилчдыг цуглуулж байгаа хөлгүй найр хийсэн бичлэгээ интернетээр цацаж гайхуулав шив дээ.

Сар шинийн баяраа олон хоног тэмдэглэх эсэх нь магадгүй хүний эрхийн асуудал байх. Цагаан сарын гоёлоо тайлаа гэж шаардах эрх хэнд ч байхгүй ч ажлынхаа цагаар айлчин, гийчин, золголтоо зогсоо гэж хэлэх эрх  төрд бий. 

Энэ долоо хоногийн хувьд монголчууд ажлаа хийдүүлсэн шигээ, айл хунар, гандан хийдээр яваад өнгөрөөх бололтой.  Маргааш шинийн найман. Олон хүн ажлаа таслаад сүм хийдийн үүдийг сахиж өнгөрөөнө хэмээн мөрийцсөн ч алдахгүй.  Сар шинийнхээ гоёлыг тайлж амжаагүй шахам байхад харийн баяртай залгах шинжтэй, энэд тэндгүй хосуудыг өдрийг хэрхэн өнгөрөөх вэ гэсэн элдвийн сурталчилгаа толгой эргүүлээд эхэлчихэж.  Шинэ жил, цагаан сар, хосуудын баяр, мартын найман, төрсөн өдөр, цэргийн баяр, хүүхдийн баяр, наадам гээд монголчууд нэг жилд цөөнгүй баяр тэмдэглэдэг. Тэгээд л бөөн зардал, мөнгө зарцуулсанаа шагширна. Тэгсэн мөртлөө баярынхаа уур амьсгалаас салах дургүй. 

Харин одоо энэ олон хоног баярлаад алга болсон төрийн албан хаагчид  золголтоо дуусгаж, ажилдаа ирвэл яасан юм бэ.  Сар жилээр л цагаан сарын баярыг тэмдэглэх гээгүй юм бол цаана чинь төрийн ажил хэцүүдлээ. Улс орон шийдвэрлэх ёстой олон асуудал хүлээлтийн байдалтай байна шүү дээ, сайд дарга нар аа.

 Ж.ЭРХЭС
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж