Дэлхийн таван удаагийн аварга Бразилийн шигшээ өнгөрсөн шөнө Йоханнесбург хотын Soccer City цэнгэлдэхэд Хар тивийн хүчирхэг баг Кот Д’Ивуарын шигшээг 3:1 харьцаатай буулган авснаар “G” хэсгээс шөвгийн 16-д өрсөлдөх анхны эрхийг авлаа. Харин энэ тоглолтод Кака туйлын маргаантай байдлаар улаан картны эзэн болсон юм.
Тоглолтын туршид Луис Фабиано дубль хийж, Элано мөн нэг гоол оруулж, ялалтаа бататгасан боловч тоглолт өндөрлөхөөс хоёрхон минутын өмнө бразилчууд нэгэн шилдэг тоглогчоо алдсан юм. Хэдийгээр бөмбөгнөөс хол байсан ч Зааны ясан эрэгийн Кадер Кейта Какатай мөргөлдөж, газар унасан бөгөөд өөрийгөө буруугүй гэдгийг ойлгуулах гэж шүүгчтэй маргасан “Реал Мадрид”-ын тоглогчийг шүүгч хоёр дахь шар картаар торгожээ. Ингэснээр “Европын Бразил” гэгддэг Португалийн шигшээтэй хийх хэсгийн сүүлийн тоглолтыг Кака өнжих болж байна.
Хэсгийн эхний тоглолтоо Хойд Солонгосын багтай хийж, 2:1-ээр хожсон Бразилийн шигшээ багийн хувьд өнгөрсөн шөнийн тоглолт хамаагүй илүү, чансаа өндөртэй тоглолт болсон юм. 25 дахь минутад Фабианогийн гүйцэтгэсэн гайхалтай цохилтын ачаар тэд тоглолтыг хошуучилж эхэлсэн бөгөөд тоглолтын хоёрдугаар хагас эхлээд таван минут өнгөрсний дараа Фабиано дубль хийсэн. Гоолоос хойш удалгүй Элано “Заанууд”-ын хаалгач Бэрригийн хаалганд тоглолтын гурав дахь гоолыг оруулжээ.
Хэдийгээр тоглолтын хувь заяа шийдэгдсэн байсан ч 79 дэх минутад Премьер лигийн мэргэн бууч Дидье Дрогба нэр төрийн гоолыг оруулж, тооны харьцааг 3:1 болгосон юм. Дэлхийн аваргын тавцанд төдийлөн амжилт гаргаж байгаагүй ч энэ жилийн дэлхийн аваргад бүх байрлалдаа шилдэг оддоор хүчирхэг баг бүрдүүлсэн “Заанууд” хэсгийн сүүлийн тоглолтоо хамгийн нууцлаг баг болох Хойд Солонгосын багтай хийх бөгөөд зайлшгүй хожих шаардлагатай болж байна. Гэхдээ тэдний ирээдүй Португалийн шигшээ багийн амжилтаас хамаарна. “Үхлийн хэсэг”-ийн хоёрдугаар тойргийн Португаль болон БНАСАУ-ын багийн тоглолт өнөөдөр орой Кейптаун хотод болно.
С.ЦЭЛМЭГ
Холбоотой мэдээ