“Медиа могул” хэмээн нэрлэгддэг хэвлэл мэдээллийн салбарын авьяаслаг эмэгтэй, тэрбумтан Опра Уинфри өгөөмөр нинжин сэтгэлтэй, өглөгч зангаараа алдартай билээ. Энэ удаад ч тэрбээр бусдад харамгүй гар сунгаж, “O” сэтгүүлийнхээ 10 жилийн ойн баярт зориулж, бүх ажилчдадаа 10 мянган ам.доллар болон Apple компанийн iPad таблет компьютераар бэлэг барьжээ. Тус сэтгүүлийн хэвлэлийн төлөөлөгчийн хэлснээр хатагтай Опра Уинфри сэтгүүлийн хамт олны уйгагүй хөдөлмөр, сэтгэл зүтгэлийг үнэлж, дээрх бэлгийг барьсан бөгөөд албан тушаалаас үл хамааран хүн бүрт iPad болон 10 мянган ам.долларын чек бэлэглэсэн гэнэ. Харин “O” сэтгүүлд хэдэн хүн ажилладаг талаарх мэдээлэл тодорхой бус байна.
Дэлхийд алдартай ток шоуны хөтлөгч тэрбээр “The Oprah Winfrey Show”-гаа 25 жилийн ойн баяраар нь буюу 2011 онд өндөрлүүлэх тухайгаа хэдийнэ мэдэгдээд байгаа билээ. Хойд Америкийн топ зэрэглэлийн уг шоу өдгөө АНУ-аас гадна дэлхийн 140 гаруй улсад цацагддаг бөгөөд шоуныхаа ачаар Опра 2,3 тэрбум ам.долларын хөрөнгөтэй болсон юм.
С.Цэлмэг