Г.Наранбат дэлхийн шилдэгт удаалжээ

Хуучирсан мэдээ: 2014.02.05-нд нийтлэгдсэн

Г.Наранбат дэлхийн шилдэгт удаалжээ

“International World Games Association” холбооноос шалгаруулсан “Дэлхийн шилдэг тамирчин”-ы санал асуулгад Монгол Улсын тамирчин Г.Наранбат хоёрдугаарт шалгарчээ. “International World Games Association” холбооноос олимпийн адилаар дөрвөн жил тутамд, ингэхдээ олимпийн бус жилд ОУОХ-ны ивээл дор “World Games”-ийг зохион байгуулдаг. Тус наадам нь олимпийн бус төрлүүдийг нэгтгэсэн спортын наадам бөгөөд өнгөрсөн жил Колумбийн Кали хотноо болсон “World Games”-т сонирхогчдын сумогийн үнэмлэхүй жингийн ангилалд Г.Наранбат аваргын алтан медаль хүртсэн юм. Энэ амжилтаараа “Дэлхийн шилдэг тамирчин”-д нэр дэвших эрхтэй болсон Г.Наранбат мөн сонирхогчдын сумогийн дэлхийн хошой аварга билээ.

“International World Games Association”-аас 2013 оны дэлхийн шилдэг тамирчин, шилдэг багийг тодруулахаар онлайн санал асуулга явуулсан бөгөөд тус тус 10 нэр дэвшигчийг зарлаж, шилдгийг шалгаруулжээ. Үүнд life saving спортын төрөлд “World Games”-ээс дөрвөн алт, нэг мөнгөн медаль хүртсэн Германы тамирчин Марсел Хассемейер 21871 саналаар дэлхийн шилдгээр тодорсон байна. Харин Г.Наранбат 12744 саналаар хоёрдугаарт жагсчээ. Тэрбээр 2008, 2012 онд сонирхогчдын сумогийн дэлхийн аварга болж, 2009 оны дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэж байсан юм. Жагсаалтын гуравдугаарт АНУ-ын тамирчин Режина Жак 12570 саналаар удаалсан байна.

Дэлхийн шилдэг багаар АНУ-ын нисдэг тавгийн баг 16744 саналаар түрүүлжээ.

С.ЦЭЛМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж