Хорио цээртэй хэвээр байна

Хуучирсан мэдээ: 2014.02.05-нд нийтлэгдсэн

Хорио цээртэй хэвээр байна

Сүхбаатар аймгийн Онгон сумын нутагт малын гоц халдварт шүлхий өвчин гарч зуу шахам үхрийг устгалд оруулаад байна. Нэгдүгээр сарын 27-нд анх өвчний шинж тэмдэг илэрч, Онгон, Наран, Дарьганга сумын найман малчны 90 үхэр шүлхийгээр өвчилсөн тул устгасан юм. Эдгээр айлууд ойролцоо нутагт өвөлжиж буй бөгөөд шүлхий өвчин маш богино хугацаанд халдварлан тархдаг онцлогтой ажээ. Шүлхийгээр салаа туурайтай мал, амьтан өвчилдөг төдийгүй хүнд халддаг олон улсын хориоцээрт өвчин юм. Тиймээс Сүхбаатар аймгийн захиргаа, Онцгой байдлын газраас яаралтай арга хэмжээ авч, хэд хэдэн сумын нутагт хорио цээр тогтоогоод байгаа юм. Энэхүү хорио цээр хэзээ дуусах хийгээд, байдал ямар байгааг аймгийн Засаг дарга Ж.Батсууриас тодруулахад:

-Өвчний тархалт намжсан. Байдал харьцангуй тайван байна. Хорио цээр хараахан тавих болоогүй. Хуулинд заасан хугацаа бий. Түүнийг ёсчлон дагахаас аргагүй гэлээ.

Шүлхий өвчний хамгийн сүүлийн тохиолдлоос 14 хоногийн дараагаас хорио цээрийг зогсоодог номтой юм байна.

Шүлхий нь  бэлчээрээр дамжиж цагаан зээр болон бусад  зэрлэг туруутан амьтдаар гэрийн малд,  харин өвчилсөн  зэрлэг туруутан бусаддаа  дамжуулах замаар халдварлах өндөр магадлалтай ажээ. Тиймээс өвчний халдварын голомт бүхий бүс нутгаас мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн, малын тэжээл бэлтгэн нийлүүлэхийг хориглодог байна.

Д.ЦЭЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж