Уг нь Нийслэлийн МАН-ын хороог Нийслэлийн Газрын албаны дарга асан Ц.Сандуй удирддаг. Гэвч томилогдсон цагаасаа өнөөг хүртэл хугацаанд дорвитой ажил хийгээгүй нь ийн өөрчлөх сэдлийг өгсөн бололтой. Нөгөөтэйгүүр, тэр дүүрэг, хороо зэрэг анхан шатны байгууллагадаа танигдаж чадаагүйн зэрэгцээ газрын наймааны элдэв асуудалд нэр холбогддог нь намынх нь нэр хүндэд нөлөөлдөг гэх. Гэхдээ 2012 оны УИХ-ын сонгуулийн дараа МАН удирдлагуудаа өөрчлөхөд Ц.Сандуй нь хотын фракцийн дэмжлэгтэйгээр Нийслэлийн МАН-ын хорооны дарга болж байжээ. Түүнтэй УИХ-ын гишүүн асан Ц.Батбаяр өрсөлдөөд ойчсон удаатай аж.
Хотын фракци Нийслэлийн МАН-ын хороог өөрийн мэдлээс гаргахгүйн тулд дахин Ц.Сандуйг өрсөлдүүлж мэднэ гэж байгаа ч УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар энэ албыг аваад явчих бяр амтагдаад байгаагаа удирдлагууддаа хэлжээ. Тэрээр “Нийслэлийн МАН-ын хороог би удирдая. Хотыг бүхэлд нь гартаа оруулж байж л нэгдсэн бодлого явуулж чадна. Та нар намайг зөвхөн бөх гэдэг нүдээр битгий хар. Нийслэлийг бүхэлд нь удирдах амбиц надад байна” гэж ам гараад авчээ.
УИХ-ын отгон гишүүн гэгддэг түүнийг намын зарим нөхөд нь “Боломжийн хувилбар” хэмээн үзэж байгаа ч хотын фракцийн дэмжлэг авна гэдэг бэрх бололтой. Олон нийт Д.Сумъяабазар гишүүнийг “Спортын хүн” гэсэн нүдээр хардаг, улс төрийн тогоонд чанагдаад удаагүй байгаа нь 1 сая гаруй иргэнтэй, сонгууль бүрийн дүнд голлох нөлөө үзүүлдэг нийслэлийг даатгах нь бас хүндхэн аж.
Хэдийгээр Д.Сумъяабазар гишүүн Нийслэлийн МАН-ын хороог удирдаад явах боломжтой гэдгээ ийн илэрхийлээд авсан бол Зүүний хүчний холбооныхон мөн хүнээ нэр дэвшүүлэхээр ярилцаж эхэлжээ. Улс төрөөс хэсэг хугацаанд зай барьж “time out” хийсэн У.Хүрэлсүхийг тун удахгүй улс төрийн тоглолтоо эхлүүлнэ гэх бор шувуу нисэх болсон нь үүнтэй ч холбоотой байж мэдэх гэнэ. Нийслэлийн есөн дүүргийг атгадаг Нийслэлийн МАН-ын хороог мэдэлдээ байлгах нь фракци бүрийн мөнхийн хүслэн. Мөн 2016 оны сонгуульд нэр дэвших сунгааг тодорхойлох боломжтой гэдгээрээ хамгийн их бялуу хуваах албан тушаал болж харагдаж буй юм байна. Гэхдээ У.Хүрэлсүхийн толгойлдог залуучуудын фракциас яг одоогоор хэн гэгч аавын хүү нийслэлийн МАН-ын хороог удирдах ширүүхэн тулаанд зодоглох нь нууц байна. МАН-ын Хэрэг эрхлэх газраа хотын фракцид сул өгч найр тавьсан У.Хүрэлсүхийнхэн одоо л хөдөлж эхлэв бололтой. Сар шинэ хуучирч буй өдрүүдийн улстөрийн уур амьсгалыг ийнхүү МАН-ынхан Нийслэлийн хороогоо хэнээр удирдуулах вэ гэдэг марафоноор эхлүүлээд байна.