Гэр цэцэрлэгт жилд дунджаар 3200 хүүхэд хамрагдсан

Хуучирсан мэдээ: 2014.02.05-нд нийтлэгдсэн

Гэр цэцэрлэгт жилд дунджаар 3200 хүүхэд хамрагдсан

Б.Гантулга: Гэр цэцэрлэгт жилд дунджаар 3200 хүүхэд хамрагдсан


Сүүлийн жилүүдэд манай улсын цэцэрлэгүүд ачааллаа дийлэхгүй болсон. Тэгвэл сургуулийн өмнөх боловсролыг дэмжих зорилгоор БШУЯ-аас “Гэр цэцэрлэг” төс­лийг хэрэгжүүлсэн билээ. Энэхүү төслийн хэрэгжилт гэр цэцэрлэ­гийн талаар тус яамны бодлого хэрэгжилтийн газрын сургуулийн өмнөх, бага боловсролын хэлтсийн дарга Б.Гантулгатай ярилцлаа.

-Одоогийн байдлаар улсын хэмжээнд хэдэн гэр цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байгаа вэ?

-Өнөөдрийн байдлаар 800 гэр цэцэрлэг ажиллаж байна. Энэ хичээлийн жилд нийт 160 гэр цэцэрлэг нийлүүллээ. Үүнээс улсын хэмжээнд дөрвөн аймаг, хоёр дүүргийн хэмжээнд 60 гэр цэцэрлэг үйл ажиллагаагаа тогтмол явуулж байна. Үүнд Баян-Өлгий, Булган, Өвөрхангай, Хэнтий гэсэн дөрвөн аймаг, Сонгинохайрхан, Баянзүрх гэсэн хүн амын шилжилт хөдөлгөөний төв болсон захын дүүргүүдэд ажиллаж байна. Тухайн цэцэрлэгүүдийн дийлэнхийг нь дүүргүүд болон хороодын цэцэрлэгийг түшин байгуулсан. Эдгээрийн ихэнх нь шинээр Улаанбаатарт шилжин ирэгсэд болон алслагдсан хотын захын иргэдийн хүүхдүүдэд үйлчилгээ үзүүлж байна. Жишээлбэл, Баянзүрх дүүргийн XXI хорооны 45 цэцэрлэг гэхчлэн бий.

-Гэр цэцэрлэгийн ахуйн орчин, байранд байрлаж буй цэцэрлэгтэй харьцуулахад ямар байна. Хүүхдэд нөлөөлөх орчин нөхцөлийн талаар?

-Ханган нийлүүлсэн гэр цэцэрлэгүүд багшийн ширээ сандал, тоног төхөөрөмж зэрэг хүүхдийн ахуйн орчинд байх бүхий л хэрэгцээг хангаж чадсан. Дотроо био суултууртай Хүүхэд гадаа гарч бие засах шаардлагагүй. Мөн хүүхдэд аюулгүй орчин бүрдүүсэн. Хөдөө орон нутагт дулаан хангасан зуухны хамгаалалт, хотод бол халаалтын системийг тусгаарлах зэрэг арга хэмжээг хангалаа.

-Одоо гэр цэцэрлэгт хэдэн хүүхэд сурч боловсорч байгаа вэ?

-Өнөөдөр улсын хэмжээнд сургуулийн өмнөх насны 240 гаруй мянган хүүхэд байна. Үүнээс 60-70 мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байна. Гэр цэцэрлэгт Нэг гэрт 20-25 хүүхэд хүмүүжүүлэх багтаамжтай. Тиймээс жилд дунджаар 3200 хүүхэд хамрагдаж чадсан.

-Хүүхдийн хувьд хоол хүнсний асуудал чухал байдаг. Гэр цэцэрлэгүүд хоол хүнсний асуудлыг яаж шийдвэрлэж байгаа вэ?

-Дийлэнх нь цэцэрлэгүүдийг түшиж байгуулсан. Тэдгээр цэцэрлэгүүд хоол унд асуудалгүй. Зарим цэцэрлэгүүдийн хувьд тусдаа хоолны гэртэй. Өөрөөр хэлбэл хүүхдүүдийн хоолыг тусгай орчинд хийж байгаа. Гэр цэцэрлэгт хүүхдийн орон тоо харьцангуй бага болохоор хоолны чанар жирийн цэцэрлэгүүдийг бодвол сайн. Мөн улсаас хоолны зардал болон хувьсах зардлыг тусгаад шийдвэрлэсэн. Мөн тухайн жилээсээ хамаараад хоолны зардлыг төсөвлөж байгаа. 2013 онд нэг хүүхдийн өдрийн хоолны зардлыг шинэчилж 1650, төгрөг харин тусгай хэрэгцээтэй бол 2400 төгрөг болгосон.

-Шинээр олон гэр цэцэрлэг байгуулж ажиллуулж байгаа юм байна. Тэгвэл тэдгээр цэцэрлэ­гүүдэд ажиллах багш, хүний нөөцийн асуудлыг яаж шийдсэн бэ?

-Багш, ажиллагсдын асуудлыг аймаг, нийслэлийн боловсролын газрууд тодорхой сонгон шалгаруулалтаар, зохион байгуулж ажил албанд авдаг. Ер нь жилд 600 багш мэргэжилтэн төгсдөг бол одоогийн байдлаар цэцэрлэгийн багшийн мэргэжилтэй 5000 орчим хүн байна. Багш, туслах багш багтаж хүрэлцээтэй байгаа. Одоогийн байдлаар хүний нөцийн тал дээр асуудал гараагүй.

-Гэр цэцэрлэгүүд жирийн цэцэрлэгтэй адилхан хуваариар ажиллаж байгаа юу?

-Гэр цэцэрлэг төслийн ихэнх хувийг Дэлхийн банкнаас санхүүжүүлж ажилласан. Энэ санхүүжилтанд цэцэрлэггүй хөдөө орон нутагт байгуулагдаж,  нүүдэлчин малчин, шилжин суурьшсан өрхийн 1520-1300 хүүхдэд хувилбарт сургалтын үйлчилгээ үзүүлж, сургуульд бэлтгэн ажиллаж байна. Эдгээр цэцэрлэгүүд хувилбар сургалт явуулдаг. Өөрөөр хэлбэл, сургуулийн өмнөх боловсрол буюу хавар бэлтгэл бүлэг явуулах зорилгоор байгуулагдсан. Харин Азийн хөгжлийн банкны төслөөр байгуулсан цэцэрлэгүүд жирийн цэцэрлэгтэй адил ажлын таван өдөр, есөн сараар үйл ажиллагаагаа явуулж байгаа.

-Гэр цэцэрлэгийн энгийн цэцэрлэгээс ялгагдах давуу тал юу байна?

-Хүүхдийн өвчлөлийн судалгаа хийж үзэхэд. Гэр цэцэрлэгээр хүмүүжиж буй хүүхэд өвчлөл хамаагүй бага, нийт хүүхдүүдийн 10 хувь гэж гарсан. Харин байшинтай цэцэрлэгт хүмүүжиж буй хүүхдүүд 40 гаруй хувийн өвчлөлтэй гэж гарсан байна. Мөн хүүхэд  гэрт өсөж торниход Монгол соёлдоо ойрхон хүмүүждэг. Сургуулийн өмнөх боловсролд томоохон хувь нэмэр оруулж байгаа.

-Гэр цэцэрлэгийг цаашид яаж хөгжүүлэх гэж байгаа вэ?

-Ерөнхийлөгчийн захирамжийн дагуу хүүхэд харах үйлчилгээ гэж хуулийн төсөл боловруулсан. Энэхүү хуулийн төслийг УИХ-д өргөн барьж, энэ хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр болсон. Хүүхэд харах үйлчилгээ гэдэг нь албан байгууллагуудын хажууд сургуулийн өмнөх боловсрол олгох төв байгуулах юм. Энэхүү хүүхэд харах үйлчилгээнд хоёр зүйлийг тусгасан. Үүнд сургуулийн өмнөх боловсролыг хоёр наснаас биш гурван наснаас эхлүүлэхээр тусгасан. Тэгвэл гурваас дээш настай хүүхдүүдийг цэцэрлэгт авдаг болно. Хүүхэд харах үйлчилгээ нь 1.6 наснаас гурван насны хүүхдүүдэд үйлчлэх газар албан байгууллагуудын дэргэд байрлах юм. Энэ төсөл батлагдвал улсын хэмжээнд 6500 гаруй хүүхэд харах үйлчилгээ байгуулагдах бололцоотой. Ингэснээр харах хүнгүй гэртээ бага насны хүүхдийг түгждэг явдал бүр мөсөн арилж, сургуулийн өмнөх боловсролд бүх хүүхэд хамрагдах боломжтой болно.

-Зарим хувийн цэцэрлэгүү­дийн төлбөр хэтэрхий өндөр учраас эцэг эхчүүд хүүхдээ цэцэрлэгт өгч чадахгүй байгаа. Өглөө гэж бодоод хэтэрхий өндөр төлбөртэй сургаж байна. Хувийн цэцэрлэгүүдийн төлбөрийг хянаж болохгүй юу?

-Төрийн өмчийн бус цэцэрлэгүүдэд хувьсах зардлыг зөвхөн улсаас олгож байгаа. Хувийн цэцэрлэгүүд хоолны зардал, тогтмол зардлыг эцэг эхчүүдтэй тохиролцож авч байгаа. Бидний зүгээс төлбөрийг эцэг эхчүүдэд төлбөрийн зарцуулалтыг тайлбарлаж, бодитой төлбөр тогтоохыг даалгаж байна.

Д.МЯГМАРДОРЖ

Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж