
Kathryn Bigelow Оскарын кино наадмын түүхэнд шилдэг кино найруулагчийн төрөлд нэр дэвшсэн дөрөв дэх эмэгтэй найруулагч болсон юм. Дашрамд дурдахад, хамгийн сүүлд 2003 онд "Lost in Translation" киногоороо найруулагч Sofia Coppola уг төрөлд нэр дэвшиж байсан билээ. Түүнээс өмнө 1993 оны Кино академийн шагналд найруулагч Jane Campion "The Piano" киногоороо, 1975 онд Lina Wertmuller "Seven Beauties" киногоороо тус, тус нэр дэвшиж байжээ.
"Yentl", "The Prince of Tides" зэрэг киноны найруулагчаар ажиллаж байсан нэрт дуучин Barbra Streisand Оскарын түүхэн дэх анхны шилдэг эмэгтэй найруулагчийг тайзан дээр урин залав. Шагнал гардуулах ёслолын ажиллагааны туршид Kathryn Bigelow өөрийн экс нөхөр, энэ үдшийн хамгийн хүчтэй өрсөлдөгч James Cameron-ны яг урд талын суудалд суусан байна. Kathryn Bigelow-ын ялалтыг зарлах агшинд James Cameron алга ташин “Тийм ээ, тийм” гэж хашгирсан гэнэ.
Ж.Индра