2000 хүн нас барсныг Киргиз хүлээн зөвшөөрлөө

Хуучирсан мэдээ: 2010.06.21-нд нийтлэгдсэн

2000 хүн нас барсныг Киргиз хүлээн зөвшөөрлөө

Киргизийн ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Роза Отунбаева киргиз, узбекүүдийн хооронд гол мөргөлдөөн гарсан Ош хотод очих үеэрээ энэ мөргөлдөөний улмаас нас барсан хүний тоо 2000 хүрсэн хэмээн мэдэгдлээ. Зургадугаар сарын 11-12-нд болсон мөргөлдөөний улмаас нас барсан хүний тоо 170 хэмээн Киргизийн түр удирдлага мэдэгдсээр байсан ч олон улсын хүний эрх, хүмүүнлэгийн байгууллагууд энэ бол дарсан тоо гэж үзэж байсан нь үнэн боллоо. “Манай уламжлалаар талийгаачийг нар шингэхээс өмнө оршуулдаг. Хөдөө тосгодод олон хүн амь алдсан. Тиймээс би амиа алдагсдын тоог 2000 гэж хэлмээр байна” хэмээн Отунбаева хэлсэн байна. Үүнийг ч Киргизийн Эрүүл мэндийн яам баталж байгаа юм. “Талийгаачдыг ойр дотныхон нь холбогдох байгууллагад мэдэгдэлгүйгээр оршуулсан тохиолдол олон” хэмээн Киргизийн Эрүүл мэндийн яам ВВС-гийн сурвалжлагчид ярьсан байна. Хатагтай Отунбаева сум үл нэвтрэх хантаазтай байсан бөгөөд нисдэг тэргээр хотын дээгүй нисч байдлыг тандсаны дараа хотын төв талбайд буун мэдэгдэл хийсэн аж. “Болсон үйл явдлын талаар эх сурвалжаас мэдэх зорилгоор би Ошт ирлээ. Бид энэ хотыг сэргээн босгоно. Тиймээс өсч төрсөн нутагтаа эргэн ирэхийг узбекүүдэд уриалж байна. Киргизүүд, узбекүүд бид хамтдаа найрсаг харилцаатай амьдарсаар ирсэн, цаашдаа ч амьдрах болно. Бидэнд хэн нэгэн төвөг учруулбал бид асуудлыг хамтдаа шийдэж чадна” хэмээн Отунбаева цугларсан олонд хандан хэлжээ.

НҮБ-ын мэдээгээр нийтдээ 400 мянган хүн орон байраа орхин дүрвэжээ. Эдгээр хүмүүст хүмүүнлэгийн тусламжийг НҮБ нэг бус удаа хүргэсэн ч тусламж аманд үгүй, хамарт ч үгүй байгаа аж. НҮБ 71 сая ам.долларыг Киргизэд зориулан цуглуулахаа мэдэгдээд байна. Энэ тусламжийн зарим хэсэг Узбект очих бөгөөд тэнд Киргизээс дүрвэсэн 80 мянга орчим узбек хоргодож байгаа. Ош болон Жалалабадад яг юу болсон талаар бодит мэдээлэл хомс байгаа бөгөөд хүний эрхийн байгууллагууд хэрэг явдлын гэрчийн мэдээллийг авах хүсэлтэй байгаагаа илэрхийлээд байна. Албан бус мэдээгээр Ош хотын 70 хувь нь түймэрт автжээ. Одоо тус хот цэргийнхний хяналтад байгаа бөгөөд тэдний зөвшөөрөлтэйгээр хүмүүнлэгийн тусламжийг дүрвэгсдэд хүргэсэн байна. Тусламж хүргэсэн Улаан загалмайн ажилтан зарим газар хэдэн зуу, заримд нь хэдэн мянган хүн бөөнөөр хоргодож байна хэмээн ярьсан байна. Дүрвэгсдэд наад захын хэрэгцээний хоол хүнс, эм байхгүй байгаа нь удахгүй нөхцөл байдлыг улам хурцатгана хэмээн таамаглаж байна. Олон улсын байгууллагуудын зүгээс Киргиз рүү олон хүнийг хамарсан мөргөлдөөнийг зохицуулагч мэргэжилтнүүдийг илгээх асуудал яригдаж байна. Харин энэ бүс нутаг руу цэрэг, зэвсэг илгээх тухай яригдаагүй байна. Киргизийн өмнөд хэсэг хойд хэсгээ бодвол хөгжлийн хувьд дорой, ажилгүйдэл, ядуурал ихтэй. Өнгөрсөн дөрөвдүгээр сард сөрөг хүчнийхний огцруулсан ерөнхийлөгч Курманбек Бакиев өмнөд хэсгээс, тодруулбал, Жалалабадын ойролцоо тосгоноос гаралтай нэгэн. Сөрөг хүчний үймээн дэгдэх үед төрөлх тосгондоо нуугдаж байгаа гадаадад гарсан билээ. Улс орны өнөөгийн удирдлага огцорсон ерөнхийлөгчийг зургадугаар сарын 11-ний явдалд буруутгаж байгаа ч тэрбээр үгүйсгэж байгаа юм. Киргизийн өнөөгийн эрх баригчид ирэх ням гаригт бүх нийтийн санал асуулга явуулахаар зэхэж байгаа бөгөөд үүгээр Үндсэн хуулийг өөрчлөх эсэхийг шийдэх юм. Хэрвээ Роза Отунбаевагийн хүсч байгаа үр дүн санал асуулгаар гарах юм бол Киргиз парламентын засаглалтай болох дараагийн алхмаа хийнэ. Киргизэд болсон мөргөлдөөн энэ бүс нутагт сүүлийн 10 жил болоогүй эмгэнэлт явдал юм.

Д.НАРАНТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж