“Азийн Канн” гэгддэг Бусаны кино наадмын үеэр өнгөрсөн аравдугаар сард дэлхийн нээлтээ хийж, тэргүүн шагнал хүртсэн найруулагч С.Бямбын “Алсын удирдлага” кино Европт зочлоод ирлээ. Монголын өнөөгийн дүр төрхийг хурц тодоор харуулж, нийгмийн өөрчлөлт, шинэчлэл, үйл явцын талаар найруулагчийн үзэл бодлыг тусгасан тус кино Нидерландын Роттердам, Шведийн Готебург, Литвийн Вилнус, Бельгийн Moove олон улсын кино наадамд сонгогдож, Монгол Улсын кино урлагийн салбарыг төлөөлөх болсон юм. Энэ ёсоор кино уран бүтээлчид нэгдүгээр сарын 22-ноос хоёрдугаар сарын 2-нд болсон Роттердамын олон улсын кино наадамд оролцсон байна. “Алсын удирдлага” кино тус наадмын “Гэрэлт ирээдүй” хэсэгт багтаж, наадмын хүрээнд нийт дөрвөн удаа Роттердамын дэлгэцнээ гарчээ. Энэ жил 43 дахь удаагаа зохион байгуулсан Роттердамын кино наадам нь жил бүр Нидерландын Роттердам хотноо болдог бөгөөд Европын алдарт Канн, Венец, Берлин, Локарно зэрэг наадмуудтай эн зэрэгцэх нэр хүндтэй, чансаа өндөр арга хэмжээ юм. Наадмын хүрээнд 12 өдрийн турш Роттердамын 20 гаруй кино театрт хөтөлбөрүүдийг толилуулжээ.
С.ЦЭЛМЭГ
Дашрамд, найруулагч С.Бямбын “Алсын удирдлага” уран сайхны кино энэ сарын 27-нд “Тэнгис” кино театрт нээлтээ хийхээр товлоод байна.
С.ЦЭЛМЭГ