-“Хөх тэнгэрийн орноор” төслийн хаалтын үзэсгэлэнгийнхээ нээлтийг өнөөдөр албан ёсоор нээх гэж байна. Энэ үзэсгэлэнгийнхээ талаар сонирхуулахгүй юу?
-“Хөх тэнгэрийн орноор” төслийн хаалт гээд байгаагийн учир нь би 2011 оноос хойш Монгол орны 21 аймгийг тойрон аялж, түүнээсээ үүдэн гаргасан гэрэл зургийн үзэсгэлэн. Энэхүү гэрэл зургийн үзэсгэлэнгээ өнгөрсөн 2012, 2013 онд нийслэлд болон хөдөө орно нутагт “Хөх тэнгэрийн орноор” нэртэйгээр хийж байсан. Төслөө “Хөх тэнгэрийн орноор” үзэсгэлэнгээрээ хаагаад дараагийн шинэ ажил, төслөө эхлүүлэх гэж байна.
-Үзэсгэлэнд нийт хэчнээн бүтээлээ дэлгэж байна вэ. 2012 онд “Хөх тэнгэрийн орноор” үзэсгэлэнгээ анх нээхэд Монгол орны 21 аймгийг тойрон аялсан гээд чамгүй олон бүтээлийг нийслэлчүүдэд хүргэж байсан. Тэрхүү үзэсгэлэнгээс юугаараа ялгаатай вэ?
-Тэр үед аль болох олон гэрэл зургийг үзэгчиддээ хүргэе гэж бодож байсан. Энэ удаад илүү өргөн дэлгэмэл зургуудийг багтаасан 50-аад бүтээлээ дэлгэлээ. Ер нь хуучин зургуудаасаа илүүтэй 2013 онд авсан шинэ гэрэл зургуудаа тавилаа. Өмнө нь гаргасан үзэсгэлэнгийнхээ зургуудыг дахин давтаад гаргаад байхыг хүссэнгүй.
-Хөдөө орон нутагт гаргасан үзэсгэлэнгийнхээ талаар сонирхуулахгүй. Танд ямар гэрэл зургуудаа дэлгэсэн бэ?
-Орон нутагт тухайн 21 аймгаас дөрөв, таван гэрэл зургийг онцлон 150-аад зурагтай үзэсгэлэнг гаргасан. Хөдөө орон нутагт гаргасан үзэсгэлэнгийн зорилго нь нэгдүгээрт, гэрэл зургийн хөгжлийг орон нутгийн иргэдэд танилцуулан гэрэл зурагт хандах хандлагыг нь өөрчлөх, хоёрдугаарт Дорнодын хүн Баян-Өлгийн зургийг үзэх гээд бие биед нь гэрэл зургаар эх орныг нь ойртуулах танилцуулах байсан бөгөөд гуравдугаарт, “Энэ сайхан эх орноо бид хайрлан хамгаалах ёстой шүү, энэ чигээр нь тээж авч үлдэх ёстой шүү” гэдгийг орон нутгийн иргэдэд танилцуулах бодолтойгоор үзэсгэлэнгээ гаргасан.
-Орон нутагт тэр бүр гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэгдээд байдаггүй болов уу. Тэд таны үзэсгэлэнг хэр хүлээн авч байв?
-Ерөнхийдөө тэд маш сайхан хүлээн авсан. Газар газрын зургийг нэг удаагийн үзэсгэлэнгээс үэзэх боломжтой байсан гэдгээрээ их сонирхлыг нь татсан. Мөн өөрсдийг нь зориод ирж байгаа уран бүтээлчийн хувьд тэдэнд сайхан санагдсан гээд баярласан сэтгэгдлээсээ хуваалцаж байлаа. Түүнээс гадна зарим газар тухайн аймаг, орон нутгийн хүмүүс бага хэмжээний гэрэл зургийн үзэсгэлэнг гаргаж байсан болохоос Монгол орныг тэр чигт нь байгаль, соёл, нүүдэлчин ахуй гээд олон талаас нь харуулж байгаагүй юм билээ. Тиймээс орон нутгийн иргэдийн сэтгэлд маш их нийцсэн.
-Та “Хөх тэнгэрийн орноор” төслийнхөө хүрээнд 21 аймгийг тойрон аялж гэрэл зургийн дурандаа буулгасан. Дараа нь дахин орон нутагт үзэсгэлэнгээ дэлгэсэн гээд хоёр ч удаа эх орноо тойрон аяллаа. Энэ хүрээнд аяныхаа богцыг нэлээд сайн шинэчилж амжив уу?
-Ер нь бид чинь очсон газар бүрээ шинээр очиж, олж харж байдаг. Жишээ нь 2011 онд нэг цэгтээ 2012 онд очиход өөр цаг хугацаа, өөр үед очдог бөгөөд 2013 онд бас өөрөөр харж болдог учраас очих бүрт л шинэ сонирхолтой өнцөг, үзэгдэл, агшинууд байдаг учраас тэр болгонд гэрэл зургаа дарж явлаа.
-Аялал бүр өөр өөр цаг үед басхүү өөр мэдрэмжийг мэдрүүлдэг гэлээ. Тэрхүү мэдрэмжүүдээсээ хуваалцахгүй юу?
-Нэг газар эргээд очиход өөр ертөнц болон хувирдаг. Жишээ нь би нэг газар анх цастайд очсон бол дараа жил нь бороотойд очиж болно. Магадгүй зун би бороотойд очсон бол зуны нартай өдөр ч аялж болно. Тэр бүрт өөрийн гэсэн өнгө төрхөө байгаль өөрөө гайхуулан байдаг. Нүүдэлчин ахуй амьдрал ч гэсэн тэр чинээгээрээ өөрчлөгдөн харагддаг учраас ер нь бол яг миний дарж байгаа гэрэл зургийн төрөлд ханах гэдэг зүйл байхгүй. Би энэ байгаль, ахуйн зургаар өнөө маргаашдаа болчихлоо, ханалаа гэж хэлэх зүрх, зориг одоохондоо байхгүй.
-Хөх тэнгэрийн орны хамгийн сайхан нь юу вэ?
-Хөх учраас л сайхан. Бид нар хөх тэнгэрийн орноосоо ямар их зүйлийг олж харж чадна гээч. Тэнд хөдөлгөөнүүдийг, их тайвшрал, гэгээрэл, их нам гүм, хөх тэнгэрийн дор байгаа Монгол оронд амьдарч байгаа зон болон энэ сайхан байгаль эх дэлхийгээсээ олно сайхан зүйлсийг олж харах бололцоотой. Тиймээс бид эх орноо хайрладаг шүү дээ. Яг л энэ чигээрээ эх орноо өнө мөнхөд хайрлаасай гэж хүсдэг.
-Сүүлийн жилүүдэд хүмүүс Монголд уул, уурхай хөгжсөнөөс болоод эх орон маань тодорхой хэмжээгээр өнгө төрхөө гэж байна, дээрээс нь хөдөө орон нутгийн иргэдийн ааш, занд ч өөрчлөлт орж, сайхан элгэмсэг дотно байдлаа гээжээ гэж яриах болсон. Яг энэ асуудал бодит байдал дээр нь очоод үзэхэд хэр байна?
-Ер нь бол энэ харьцангуй ойлголт. Бид уул уурхайг хэрэггүй зүйл гэж хэлж болохгүй. Уул уурхай цэвэрхэн хөгжих ёстой. Байгаль экологитой зөв хандалгаар хөгжих хэрэгтэй. Хүмүүсийн харилцааны хувьд ч гэсэн хэн эвдээд байгаа юм бэ гэдэг тухай бодох л хэрэгтэй. Магадгүй би очоод эвдээд байж болох юм. Эсвэл надтай адилхан явдал суудлын хүмүүс юм уу уул уурхай гээд өөр чиглэлээр явж салбарынхан эвдээд байгаа байж болно шүү дээ. Энэ асуудлыг дан ганц нэг талд тавин буруутгах хэцүү. Ямар ч байсан аль аль талаасаа үүнд нааштай алхмуудыг хийж өөрчлөх ёстой. Орон нутгийн иргэдийн хувьд ааш заны хувьд өөрчлөгдсөн зүйлс бий. Энэ нь заримдаа мэдрэгддэг л дээ. Жишээ нь сайхан Монгол гэртэй айлд ороход цай амсуулдаг байсан бол “цай байхгүй ээ чи мөрөөрөө яв” ч гэдэг юм уу. Энэ нь нөгөө зам дагасан амьдралаас болоод тэдгээр хүмүүс үнэхээр өөрсдөө залхсан тохиолдлоос үүдэн тийм байж болно шүү дээ. Үнэхээр тэр хүмүүсийн хүний мөс муудлаа. Би ариун цагаанаараа очсон чинь ийм боллоо гэдэг ойлголт байж болохгүй ээ. Элгэмсэг монголчууд хаана ч байдгаараа байгаа. Үүнд бид аль аль талаасаа буулт хийн эргэж харах л асуудал.
-Энэ удаагийн төсөл маань үүгээр хаалтын ажиллагаагаа хийж байна. Таны дараагийн уран бүтээлийн тусах цаг хаана буух вэ?
-Аялалын гэрэл зураг маань үргэлжилдэгээрээ үргэлжилнэ. Би байгалийн гэрэл зургаа баяжуулаад зургаа аваад л явна. Гэхдээ энэ удаагийн үзэсгэлэнгээ “Хөх тэнгэрийн орноор” гээд илүү байгаль тал руугаа анхаарсан бол дараагийн удаа нүүдэлчин ахуй гээд илүү хүмүүсийн эгэл жирийн амьдрал, бидний өвөг дээдсээсээ өвлөж ирсэн амьдрал руу илүү анхаарч бүтээлүүдээ хийх санаатай байна.
-Яагаад заавал Монгол ахуйн гэж?
-Монгол ахуйг гэрэл зурагт буулгах болсон зорилго маань бид нар үүнийгээ гээгээд байгаа юм. Өнөөдөр морь унаад малд явж байгаа хүн ховор болж байна. Сайхан саалийн модон хувин бариад явж байгаа хүн ховор болж ихэнх нь хуванцао цэнхэр хувинтай байх жишээтэй. Мөн хөхүүрийн айраг, тэрэгний шар ховорджээ. Энэ мэт олон зүйлээ бид алдаж эхэлж байгаа учраас гэрэл зургийн хальснаа буулган буцаагаад зургаараа дамжуулан олон нийтэд сурталчилъя, ямар нэгэн хэмжээгээр эргээд тэдгээрийг бий болгох дахин сэргээхэд нь өөрийн гэсэн хувь нэмрээ оруулж гэрэл зургийн цомгоо арвижуулах хэрэгтэй гэсэн үүднээс ахуй тал руугаа нэлээд орж ажиллая. Дараа дараагийн үзэсгэлэн уран бүтээлээ хийх төлөвлөгөө тавиад байна.
Өнөөдөр эргээд харахад өмнө нь мориноос унаад өнгөрсөн хүн ховор байсан бол өнөөдөр мотоциклиос болоод хэчнээн сайхан залуус амь үрэгдэж байгаа тоо нь гамшгийн төвшинд очлоо. Өнөөдөр хөх саванд бүлсэн айргаас болоод хүн хордож үхэх гээд байна. Өмнө нь хэзээ монголчууд хөхүүрийн айргаас хүн хордож байсан юм бэ гээд бид нүүдэлчин зан заншил гээлд олон жил шалгараад ирсэн тэр уламжлалаа хяад шинийг хгөжүүлэх гээд байгаа нь эрсдэл юм шүү. Өнөөдөр бид болоод ирс эн зүйлээ хадгалая, болохгүй байгаа зүйлсээ шинэчлэн хөгжүүлье гэдэг төвшинд ярих хэрэгтэй байгаа юм. Тиймээс би Монгол ахуй сэдэв рүү нулимс асгаруулан орно доо.
-Төслийн хүрээнд “Хөх тэнгэрийн орноор” гээд гэрэл зургийн цоморлиг номоо гаргасан шүү дээ. Энэ номынхоо талаар яриагаа үргэлжүүлье.
-Энэ төсөл маань нэг нэрийн дор нэлээд том гэрэл зургийн төсөл болсон. Энэ төслийн маань нэг хэсэг болж “Хөх тэнгэрийн орноор” фото альбом хэвлэгдсэн. Өмнө нь Гадаад харилцааны яамтай хамтраад хэвлэгдэн гараад гадагшаа нэлээдгүй хэсэг нь тараагдсан үлдсэн нь энд бордогдож дуусаад шинэ хоёр дахь хувилбарыг нь хэвлүүлэн гаргалаа. Энэ фото альбомын маань агуулга бол “Хөх тэнгэрийн орноор” төслийн зорилготой нийцэж байгаа. Үүнд Монгол орны сайхан байгаль нүүдэлчин ахуй соёл, түүх, зан заншил, өв уламжлал энэ бүгдийг харуулсан зургуудаас багтсан Англи, Монгол тайлбартай ном болон хэвлэгдсэн.
Эх сурвалж: www.eagle.mn