&#34Өнөөдөр&#34-ийн алдартнууд тодорлоо

Хуучирсан мэдээ: 2014.02.05-нд нийтлэгдсэн

&#34Өнөөдөр&#34-ийн алдартнууд тодорлоо

П.Цагаан: Энэ шагнал бол Ерөнхийлөгчид үзүүлж байгаа их итгэлийн илэрхийлэл юм

Монголын үндэсний өдөр тутмын “Өнөөдөр” сониноос эрхлэн жил тутам, тухайн жилдээ амжилт бүтээл, авьяас билгээрээ монгол түмнээ манлайлсан Оны алдартнуудыг тодруулдаг уламжлалтай. Нийгмийн салбар бүрийн төлөөлөл болсон 100 эрхмийн саналаар алдартныг тодруулдгаараа энэхүү шалгаруулалт шударга болдог юм. Өнгөрөн одсон усан могой жилийн алдартнуудыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж манлайлсан байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч  Сочийн өвлийн олимпод ролцох урилгатай тул бэлтгэл ажлаа базааж байгаа юм.

Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн Оны тэргүүн алдартны шагналыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан гардаж авлаа.

Оны тэргүүн алдартанд тухайн жилийн бэлгэдлийг мөнгөөр урлан тэргүүнд нь залсан хаш цом гардуулдаг юм.

Шагнал гардуулах ёслолын үеэр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан  сэтгүүлчдэд дараах ярилцлагыг өгөв.

-Монгол Улсын Ерөнхийлөгч усан могой жилийн Оны тэргүүн алдартнаар шалгарлаа. Ерөнхийлөгчийг төлөөлж ирсэн хүний хувьд та сэтгэгдлээсээ хуваалцана уу?

-Миний бие Төрийн тэргүүний хүртсэн Оны алдартны шагналыг Ерөнхийлөгчийн өмнөөс хүлээн авахаар ирсний хувьд хэдэн үг хэлье. Юуны өмнө энэхүү шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн хийж хэрэгжүүлсэн, одоо хийж байгаа ажлыг үнэлсэн, бас цаашид явуулах бодлогыг дэмжсэн,  Монгол Улсын Ерөнхийлөгчид хүлээлгэж байгаа их итгэлийн илэрхийлэл юм гэж би бодож байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн 24 жилийн хугацаанд хүний эрхийг дээдлэх, иргэдийг хувийн өмчтэй болгох, шударга ёс тогтоох, ардчиллыг бэхжүүлэх талаар их ажил хийсэн. Одоогоос 24 жилийн өмнө Монгол Улсыг улс төр, эдийн засгийн хос шилжилт хийнэ гэхэд итгэхгүй хүн олон байсан. Гэвч Монгол Улс Азийн цээжинд хүний эрхийг дээдэлсэн ардчилсан орон болж чадлаа. Тэгвэл ирэх 10,20 жилд Монгол Улсад эдийн засгийн өсөлтийн гайхамшгаараа дэлхийн түүхэнд бичигдэх боломж бас байна.

Төрийн тэргүүний өнгөрсөн ганцхан жилийн хугацаанд хийсэн зарим ажлаас дурдвал Монгол Улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг хоёр жил амжилттай даргалж, өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын YII бага хурлыг эх орондоо зохион байгууллаа. Авлигын индексээр сүүлийн хоёр жилд 36 байраар урагшиллаа. Давосын Дэлхийн эдийн засгийн форумын салбар бага хурлыг 2013 оны намар Улаанбаатарт зохион байгуулж, саяхан Давос хотноо болсон Дэлхийн дэлхийн эдийн засгийн форумаар Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн асуудлыг онцгойлон авч хэлэлцлээ.

Би сая анх удаа Давосын Дэлхийн эдийн засгийн форумд биечлэн оролцлоо. Тэнд харж байхад хамгийн хүндтэй суудалд, хамгийн хүндтэй газарт Монгол Улсын Ерөнхийлөгчийг урьж, хамгийн хариуцлагатай асуудлыг хэлэлцэхэд оролцуулж, гол төвд нь байлгаж, салбар хуралдааныг даргалуулж байлаа. Үүнийг энгийн нүдээр, хөндлөнгөөс харахад Монгол Улс, Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр хүнд ямар өндөр байгааг харж болохоор байлаа.


-Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төрийн тэргүүнээр дахин сонгогдож, хоёр дахь бүрэн эрхийн хугацаагаа хэрэгжүүлж эхлээд хагас жил гаруй болж байна. Төрийн тэргүүн цаашдаа ямар ажилд анхаарлаа хандуулах бол?

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн цаашид хийх ажил тодорхой. Монгол Улсыг ардчилсан, тогтвортой, ухаалаг төр, засагтай, шударга шүүхтэй, хүнд суртлыг арилгасан, авлигагүй, дэлхийд хамгийн хурдацтай өсөлт бүхий эдийн засагтай орон болгохын төлөө бүрэн эрхийн хугацаандаа ажиллах юм. Жил бүр эдийн засгийг 10-20 хувиар өсгөхөд энэ өсөлт иргэн бүрт мэдрэгдэх нь дамжиггүй. Ингэх бүрэн бололцоо Монгол Улсад бий. Эдгээр ажилд нь итгэл хүлээлгэж энэ том шагналыг Ерөнхийлөгчид өглөө гэж би бодож байна.

Мөн гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татахад онцгойлон анхаарч ажиллахаа Ерөнхийлөгч илэрхийлсэн. Шинэ оны дараахан Монгол Улсын Ерөнхийлөгч аймаг, нийслэлийн Засаг дарга, ИТХ-ын дарга нартай уулзахдаа гадаад, дотоодын хувийн хөрөнгө оруулагчдыг ташуур барьж хөөх биш, хадаг барьж угтдаг болох талаар онцгойлон анхааруулсан. Зээл авбал иргэд түүнийг эргүүлж төлдөг. Харин хөрөнгө оруулалт бол бүтээн байгуулалт болж үлддэг. Тэгэхээр гадаадын хөрөнгө оруулагчдыг татах, тэдний алдагдсан итгэлийг сэргээн олж авах чимхлүүр ажил одоо төр, засгийн өмнө тулгарч байна.

Ингээд могой жилийн алдартнаар тодорсон бүх алдартнуудад улам их амжилт хүсье. “Өнөөдөр” сонины хамт олонд их баярлалаа” гэлээ.

Эх сурвалж: www.President.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж