УИХ дахь "Шударга ёс" эвслийн бүлгийн ахлагч Н.Батцэрэгтэй ярилцлаа.
-Юуны
өмнө сар шинэ гараад удаагүй байгаа учир танд сар шинийн мэнд хүргэе.
Яриагаа Та намрын чуулганыг хэрхэн дүгнэж байна вэ? гэдгээс эхэлье ээ.
-Танд
болон танай сонины уншигчдад цагаан сарын мэндчилгээ дэвшүүлье. Намрын
чуулганыг бүхэлд нь дүгнэж хэлвэл амжилттай хуралдсан чуулган боллоо гэж
дүгнэж хэлж болох байх. Сонгуулийн циклүүдийн ард гарсан учраас
харьцангүй улс төржилт багатай тодорхой ажил асуудлуудруугаа анхаарсан,
зөв гарц шийдэл эрсэн, УИХ дахь нам эвслийн бүлгүүд илүү ойлголцож
хамтран ажилласан ийм л чуулган өндөрлөлөө. Бие даасан 10 хууль батлан
гаргасан байгаа үүн дотор Хөрөнгө оруулалтын тухай хууль, Хөрөнгө
оруулалтын сангийн тухай хуулиуд нь эдийн засгийн тогтвортой өсөлтийг
хангахад чиглэсэн татварын орчны тогтвортой байдлын баталгааг төр
хариуцсан, дотоодын хуримтлалаа хөрөнгө оруулалт хэлбэрээр илүү өндөр үр
ашигтай ашиглах бололцоог бүрдүүлсэн зэрэг эрх зүйн зохицуулалттай
боллоо. Мөн анх удаа эрдэс баялагын салбарт төрийн иж бүрэн бодлогоо
тодорхойллоо.
-Морин жилийн эдийн засгийн төлөв байдлаа яаж харж байна вэ, өнгөрсөн жил бол амаргүй л жил өнгөрөх шиг боллоо?
-Тийм
ээ өнгөрсөн жил тун амаргүй жил өнгөрч байна. Ханшны савлагаа, төсвийн
орлогын тасалдал зэрэг нь бэрхшээл үүсгэсэн. Гэхдээ дээр дурьдсан
хуулиудын зэрэгцээ үндэсний компаниудаа дэмжих чиглэлээр НӨАТ босгыг 50
сая төгрөг болголоо, жилийн борлуулалтын орлого нь 1,5 тэрбумаас бага аж
ахуйн нэгжүүдийн аж ахуйн орлогын албан татварын 90 хувийг үлдээхээр
хуульчиллаа. Иймээс эдгээр хуулиудын үйлчлэлийн хүрээнд бизнес, хөрөнгө
оруулалт идэвхижинэ, энэ оны дундаас эдийн засаг илүү тогтворжоно гэж
харж байна. Гол нь Засгийн газар хуулиудын хэрэгжилтийг зохион байгуулах
ажлаа цаг алдалгүй хийх хэрэгтэй.
-Дээр дурьдсан хуулиудын талаар гадаад тал буюу гадны хөрөнгө оруулагчид хир мэдээлэлтэй болсон бэ?
-Эхний
сигналууд сайн байгаа болов уу гэж бодож байна. Би сая чуулган
завсарлахын өмнө БНФУлсад УИХ дахь Монгол-Францын найрамдлын бүлгийн
даргын хувиар айлчлаад ирлээ. Айлчлалын үеэр зөвхөн улс төрийн яриа
хэлэлцээ төдийгүй эдийн засгийн хамтын ажиллагааны олон сэдвүүд
хөндөгдсөн. Францын тал айлчлалд их ач холбогдол өгсөн.
-Энэ айлчлалынхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
-Айлчлал
маш амжилттай болсон. Францын тал өндөр ач холбогдол өгсөн гэдгийн нэг
илэрхийлэл нь Францын гадаад хэргийн сайд Лоран Фабиус гуай өөрийн
санаачилгаар манай төлөөлөгчдийг хүлээж авч уулзаж хоёр талын харилцааны
олон чухал асуудлаар ярилцсан явдал юм. Францын гадаад хэргийн сайд
гэдэг дэлхий, олон улсын бодлого тодорхойлоход оролцдог чухал эрхэм, тэр
болгон парламентийн гишүүдийн түвшинд уулзаад байдаггүй боловч биднийг
хүлээж авч уулзсан. Францын парламентийн хоёр танхимын гишүүдтэй
уулзсан. Сенатын танхимын хуралдаан дээр манай айлчлалын талаар сенатын
дарга мэдээлэл хийж бидэнд баяр хүргэж мэндчилгээ дэвшүүлсэн. Рон-Альф
мужид зочилж мужын удирдлага биднийг халуун дотно хүлээн авсан. Цаашид
энэ мужтай биотехнологийн чиглэлээр хамтран ажиллахаар болж байгаа. Одоо
манай ХАА-н, Боловсролын сайд нар Францад айлчлах байх. Мөн дэлхийд
шилдэгт ордог Францын Айр Ликид, Айрбус, Астриум, Арева, Систра зэрэг
компаниудын удирдлага уулзаж Монголд хөрөнгө оруулах талаар маш тодорхой
саналууд дэвшүүлж ярилцсан. Эдгээр компаниуд нь үйлдвэрлэлийн
хүчилтөрөгч нийлүүлдэг, онгоц үйлдвэрлэдэг, пуужин, хиймэл дагуул хийж
сансрын тойрог замд гаргадаг, уран хайж олборлож энхийн зорилгоор
ашигладаг, төмөр зам барьдаг зэрэг үйл ажиллагаа явуулдаг компаниуд юм.
Монгол улс үйлдвэржилтийн бодлогоо гаргаж, дэлхийн хэмжээний эрчим хүч,
зам тээвэр уул уурхайн мега проектууд хэрэгжүүлж эхлэж буй тул энэ
чиглэлд гадны хөрөнгө оруулагчид их сонирхож байх шиг байна.
-Хаврын чуулганаар ямар ажлууд амжуулахаар төлөвлөж байна даа?
-Орон
нутагт явж ажиллахаар төлөвлөж байна, гадаадад хуралд оролцох хоёр ч
урилгатай байгаа. Нилээд хэдэн хуулиудын ажлын хэсэгт байгаа тэр
чиглэлдээ хийх ажлууд нилээд бий. Өөр 3 гишүүнтэй хамтран монгол хэлний
тухай хуулийн төсөл санаачлан өргөн барьж байгаа. Их чухал хууль болно
гэж бодож байна. Улам бүр даяарчлагдан өрсөлдөн, тэрсэлдэн хөгжиж буй
дэлхий ертөнцөд цөөн тоотой монголчууд бидний хувьд хэл соёлоо авч
үлдэнэ гэдэг жинхэнэ амин эрх ашиг юм. Энэ хуулийн төслийнхөө талаар бид
олон нийтэд танилцуулан өргөн хэлэлцүүлэг явуулахаар бэлтгэж байгаа.
Мөн намынхаа ажлыг идэвхжүүлэх монголчуудын орчин цагийн үндэсний үзэл
буюу эдийн засгийн прагматизмын талаар оюутан залуучуудад лекц уншихаар
бэлтгэж байна.
-Ярилцлага өгсөнд баярлалаа.
Эх сурвалж: "ЗУУНЫ МЭДЭЭ" сонин