“Хакүхогийн цом” тэмцээн амжилттай боллоо

Хуучирсан мэдээ: 2014.02.05-нд нийтлэгдсэн

“Хакүхогийн цом” тэмцээн амжилттай боллоо

Сүмогийн их аварга Хакүхо М.Даваажаргалын санаачилгаар зохион байгуулагдаж байгаа хүүхдийн тэмцээн 2-р сарын 2-нд Токиогийн Рёогокү дүүрэг дэх сүмогийн ордонд амжилттай болж өндөрлөлөө. Тус тэмцээнд оролцсон Монголын баг тамирчид 1-р сарын 27-нд Улаанбаатараас явж, Токиод ёкозүна Хакүхогийн дэвжээнд байрлан бэлтгэл сургуулилтаа хийн, тэмцээнд оролцоод 2-р сарын 3-нд эх орондоо эргэн ирлээ. Сүмоч хүүхдүүдийн багт 9-өөс 15 насны 8 хүүхэд багтсан юм.

Тэмцээнд Япон, Монгол, Солонгос, Хятадын нийтдээ 570 орчим хүүхэд хүч чадлаа сорив. Япон хүүхдүүдийн ихэнх нь бага наснаасаа сүмогийн дамжаа дугуйланд суралцаж байгаа хүүхдүүд байсан бөгөөд сүмогийн мэх техникийг нэлээн өндөр түвшинд эзэмшсэн нь харагдаж байлаа. 6 насны ангиллаар сүмоч хүүхдүүд өрсөлдөснөөс гадна багийн тэмцээн болов. Нэг насанд 70-80 хүүхэд өрсөлдсөн бол багийн тэмцээнд 66 баг оролцлоо. Нэг багт 5 сүмоч багтаж байв. Багийн тэмцээн бол хамгийн сонирхолтой бөгөөд нэр хүндтэй тэмцээн юм байна. Багийн тэмцээнд Монгол хүүхдүүд 2-р байр эзлэн зохион байгуулагчид болон үзэгчдээс өндөр үнэлгээ авлаа. Мөн түүнчлэн насны ангиллаар 1 хүүхэд хүрэл медаль хүртэж, 2 хүүхэд шигшээ 8-д шалгарав. 15 насны ангилалд өрсөлдсөн Д. Ариунбаатар уран мэх хийж, зоригтой сайхан барилдсан учир тусгай шагналын нэг Дайчин барилдааны шагнал хүртэв. Бусад бүх шагнал, медалийг япон хүүхдүүд хүртэв.

Тэмцээнийг маш сайхан зохион байгуулдаг юм байна. Тэмцээнийг зохион байгуулах зардлыг Хакүхо аварга болон бусад ивээн тэтгэгчид гаргажээ. Өмнөх тэмцээнүүд жижигхэн зааланд болдог байсан бол энэ удаа Токиогийн сүмогийн ордонд боллоо. Монголын баг тамирчдын бүх зардлыг “Хакүхо сан” гаргав. Монгол хүүхдүүд тэмцээнд оролцохоос гадна, Токиогийн диснейландад тоглон, Чиба мужид мисо хийдэг үйлдвэрт зочлон соёлын арга хэмжээнд оролцов.

Тэмцээний үеэр ордонд мэргэжлийн сүмогийн бөхчүүд гэр бүл, хүүхдүүдтэйгээ хүрэлцэн ирсэн байлаа. Японы орон нутгаас, өмнөд Окинава арлаас эхлэн хойд зүгийн Хоккайдо арлаас хүртэл сүмоч хүүхдүүд ирсэн байв. Мэргэжлийн сүмод барилдаж буй монгол бөхчүүд тэмцээний үеэр хүрэлцэн ирж, монгол хүүхдүүдээ дэмжиж байлаа. Японд суралцаж ажиллаж байгаа монголчууд бас ирж дэмжиж байв. Өөрөөр хэлбэл, энэ удаагийн тэмцээн нь сүмогийн томоохон наадам, баярын арга хэмжээ болсон гэж хэлж болно. Япон хүүхдүүдийн аав ээж нартай уулзан ярилцаж байхад “Японд орон нутгуудад тэмцээн болдог боловч хүүхдийн сүмогийн ийм том тэмцээн бараг болдоггүй, монгол хүн ийм тэмцээн санаачлан зохион байгуулж байгаад япон хүний хувьд баярлахын хажуугаар бас жаахан ичиж байна. Хакүхо аварга бол үнэхээр агуу бөх, Хакүхо аваргаар Монгол орныг төсөөлж байна” гэж ярьж байлаа.

Тэмцээн ирэх жилээс нэлээн өргөжих төлөвтэй байна. Ирэх жил, АНУ, Латин Америкаас хүртэл хүүхдүүд ирж оролцох юм байна. Энэ тэмцээнд монгол хүүхдүүдийг оролцох боломжоор хангаж өгсөн “Хакүхо сан”-д, Хакүхо Даваажаргал аваргад чин сэтгэлийн талархал илэрхийлье. “Би цаашдаа монгол хүүхдүүдийн төлөө янз бүрийн ажил хиймээр байна” гэж Хакүхо аварга ярьж байсан бөгөөд аваргадаа сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Тэмцээний талаар нэвтрүүлэг бэлтгэж Монголын хэд хэдэн телевизээр гаргахаар төлөвлөж байна.





Д.ТӨМӨРБААТАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж