Тавантолгойг төр мэдэх нь зөв шийдэл биш

Хуучирсан мэдээ: 2010.06.21-нд нийтлэгдсэн

Тавантолгойг төр мэдэх нь зөв шийдэл биш

Тавантолгойг төр мэдэх нь зөв шийдэл биш
Эрхэм гишүүн С.Оюун ойрдоо зав муутай явна. Төр, тойргийн их ажлаас гадна  Их тэнгэрт хоёр өдөр болсон “Эрдэс баялгийн салбараа зохистой хөгжүүлэх нь” дугуй ширээний ярилцлагад оролцоод “хотын төв”-д бараагаа харуулахгүй байсан түүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн хаалттай мэдээллийг сонсохоор ирэхэд нь “барьж авах” гэсэн ч албан өрөөгөөрөө ч шагайлгүй чуулганы танхим руу орчихов. Гадаадын маш чухал хүнтэй уулзана хэмээн мэдээлэл дундуур гарч, Төрийн ордноос гадагш явах замд нь хэдэн минут “хоргоон” түүнтэй ярилцлаа.

-Та “Эрдэс баялгийн салбараа зохистой хөгжүүлэх нь” дугуй ширээний ярилцлагад оролцоод завгүй байх шиг байна. Түүгээр юу ярьцгаасан бэ?

-Их л юм ярилаа. Гол нь уул уурхайдаа тулгуурлаад хөгжсөн ч орон байна, хөгжөөгүй ч орон байна. Бид яг салаа замын уулзвар дээр ирээд байгаа шүү дээ. Хэдийгээр уул уурхайн салбарыг хөгжүүлэх нь манай эдийн засгийн цаашдын хөгжилд их нөлөөтэй гэж хэлж байгаа ч гэсэн томоохон ашигт малтмалын ордуудаа ашиглах ажил одоо л эхлэх гэж байгаа учир салаа замын уулзвар дээр гэж хэлээд байна л даа. Уул уурхай бол их эрсдэлтэй салбар. Зөв аваад явбал хөгжинө. Буруудвал эсрэгээрээ эргэхдээ амархан. Чили, Ботсвана мэтийн улсууд уул уурхайгаа аятайхан хөгжүүлж чадсан. Түүнийг манайхан гол жишээгээ болгоод яриад яваа. Зарим улс орон буруу замаар яваад иргэдийнх нь амьдрал харин ч эсрэгээрээ, уул уурхайгаа ашиглахын өмнөх үеэс дордчихсон. Байгалийн баялаг ихтэйн гай ч гэж хэлэхээр байдалд орчихсон. “Баялгийн хараал” гээд яриад байгаа байх аа. Бидэнд одоо алдаа гаргалгүй зөв замаар явах л их чухал байна. Яаж зөв замаар явах вэ гэсэн  гол хүчин зүйлийн нэг нь нөгөө л сайн засаглал юм. Олон жил яриад тийм сайн хэрэгжүүлж чадахгүй байгаа ч гэсэн засаг нь зөв бодлого гаргаж ирэх, ил тод байдал, шударга засаглал, зөв институциуд гэж ярьдаг тэр бүхэн чухал. Дугуй ширээний ярилцлага дээр улс орнуудын туршлагаас л түлхүү ярьсан даа.

-“Жижиг Давос” гээд байгаа энэ уулзалт дээр Тавантолгойн талаар хэр ярив. Монголд болж байгаа болохоор уулзалт дээр үүнийг хөндсөн болов уу гэж санаж байна?

-Тавантолгойг нэг их ярьсангүй. Гол нь урьд нь байгуулсан гэрээнүүд, Монгол ч гэлтгүй бусад ор¬ны уул уурхайн асуудлыг ярилаа. Тавантолгой гэхээсээ илүү Оюутолгойн гэрээг нэгэнт байгуулсан учраас тэр гэрээг тойрч ганц нэг санал гарсан. Тогтвортой байдлын гэрээ ямар байх ёстой юм гэх зэрэг ганц нэг санал хэлнэ лээ. Өнгөрсөн нэгдүгээр сард Швейцарийн Давост болсон чуулга уулзалт дээр Ашигт малтмал дээрээ тулгуурлаж улс орнууд  яаж зөв зохистой хөгжих вэ гэсэн санаачлага гарсан юм байна. Түүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч идэвхтэй дэмжээд,  цуврал хурлын нэгийг Монголд хийхээр болсон. Тэгээд энэ удаагийн уулзалт манайд болж байгаа юм байна лээ. Цаашдаа ч үүнд Монгол Улс түүнд идэвхтэй оролцох нь зүйтэй гэсэн. Бодлогоо зөв тодорхойлоод авбал өөрсдөө ч баялгаа ашиглахад хэрэгтэй, гадаадын туршлагаас ч авахад зүгээр юм.

-Тавантолгойн ордыг ашиглах тухай сэдвээр УИХ-ын гишүүдийн байр суурь зөрөлдөөнтэй байх шиг байна. Ажлын хэсгүүд дээр юу ярьж байгаа бол?

-УИХ дээр Тавантолгойгоор хэд хэдэн ажлын хэсэг гаргаад байгаа. Х.Бадамсүрэн гишүүнээр ахлуулсан нэг чухал ажлын хэсэг бий. Өмнө нь ч Оюутолгой, Тавантолгойгоор тогтоолын төсөл оруулж байсан тийм ажлын хэсэг. Тэр саяхан хуралдсан.Тавантолгойн ордын ашиглалтын талаар тодорхой хэмжээнд ярьсан. Намуудын бүлгүүд ч ярьж байгаа юм шиг байна. Ажлын хэсэг дээр бүхнийг төр мэдэлдээ байлгана гэдэг тийм ч зөв шийдэл биш байх гэсэн саналтай гишүүд байсан. Төр өөрөө авлигын уурхай болоод байгаа гэдгээрээ тэр шүү дээ. Тийм болохоор Монголын төр гэхээсээ илүү Монголын тал, иргэд, хувьцаат компаниуд ирээдүйд ордыг мэдэлдээ авах нь чухал гэж ярьж, тогтоолын төсөлдөө тодорхой оруулмаар байна гэж ажлын хэсэг дээр ярьсан. Монголчууд, иргэд нь өөрсдөө давуу эрхээр хувьцааг нь эзэмшдэг тийм байх ёстой. Хувьцаат компаниуд, бирж дээр хувьцаа арилжаалдаг компаниуд Тавантолгойг эзэмшиж байвал наад зах нь мэдээлэл нь олонд нээлттэй байх юм. Энэ талаар ярилцъя гэсэн саналыг нэлээд гишүүн гаргаж байна. Үүнийг би зүйтэй л гэж бодож байгаа.

-Ордыг түргэн ашиглаж эхлэх нь зөв үү. Эсвэл бушуу туулай борвиндоо баастай гэдэг шиг болох болов уу?

Мэдээж цаг алдалгүй эргэлтэд оруулах нь зөв л дөө. Хойд Ухаахудаг дээр Энержи ресурс аль хэдийнэ дэлхийн томоохон компанийг гэрээгээр ажиллуулаад олборлоод эхэлчихсэн байна. Түүнтэй адилхан улс ч гэсэн хэн нэгнээр гэрээгээр хийлгээд ашиглаж эхлэх боломж бий. Цаг алдаад байх шаардлагагүй гэсэн зүйл ажлын хэсэг дээр ч яригдаж байгаа.

-Та уул уурхайн мэргэжилтэй геологич хүн. Энэ тал дээр таны хувийн байр суурийг сонсч болох уу?

-Би зөв гэж бодож байгаа. Таван¬толгой дээр маш олон асуудлыг нухац¬тай тогтож ярих шаардлагатай болж байна. Шаардлагатай байвал эхлээд ордоо гэрээгээр хэн нэгэнд ашиглуулаад явж л байг. Томоохон асуудлаа нэлээд нухацтай ярилцаад шийдэж болно шүү дээ гэж ажлын хэсэг дээр гишүүд хэлж байна лээ. Тэр ч бас байж болох хувилбар гэж бодож байна. Ер нь оруулж ирж байгаа хувилбараар бол Тавантолгойг төр 100 хувь эзэмшинэ. Тэгээд хэн нэгнээр гэрээгээр олборлуулна гэдэг зөв байх.

-Гэрээгээр олборлох хэн нэгэн гэдэгт бас шаардлага тавих байх, тийм ээ?

-Мэдээж л дээ. Техник технологи нь өндөр төвшинд байж чадах, угааж боловсруулахаас авахуулаад ажлаа зайлшгүй хийдэг, байгаль орчны нөхөн сэргээлтийг сайн хийж чадах гээд  стандарт хэм хэмжээ нь маш сайн байх хэрэгтэй гэж бодоод байна. Гадаадын ч бай, дотоодын ч бай, компаниудын стандартыг маш сайн үнэлж, өндөр тавих хэрэгтэй.

-Стандарт гэснээс нүүрс олборлодог ямар гол орнууд байдаг бол. Тэнд ямар  арга туршлага хэрэглэж ордоо эргэлтэд оруулсан байдаг вэ?

-Австрали гээд олон орон байна. Сүүлийн үед Индонези олборлолтоороо Австралиас давж, тэргүүлж эхэлж байна. Индонезид эхэндээ гадаадын компаниудыг татаж оруулж, тэдний техник технологийг нэвтрүүлээд, аажимдаа индонезчилах буюу дотоодын компаниуддаа тэр өмнөх компаниудын туршлага, чадавхийг шилжүүлж ажиллуулдаг болсон байна. Одоо бол илүү ихээр дотоодын компаниудаараа олборлуулах, ашиглуулах тэр чиглэлд шилжүүлсэн байна лээ. Индонезийн дотоодын томоохон нүүрсний компаниуд олноороо бий болсон юм байна. Эдгээрээс харахад зайлшгүй эхний үедээ томоохон техник, технологи, дадлага, туршлагыг оруулж ирэхийн тулд гадаад компаниудтай хамтрах хэрэгтэй болдог шиг байна. Гэхдээ дотроо төрийн хар хайрцагны бодлого гэдэг шиг үүнтэй зэрэгцүүлээд үндэсний компаниудаа чадваржуулж, тодорхой хугацааны дотор өөрсдөө аваад явж чаддаг болох, энэ л хамгийн чухал арга юм шиг байгаа юм.

-Сайншандад аж үйлдвэрийн цогцолбор байгуулна. Түүн дотроо нүүрсээ тэнд угааж боловсруулна гээд байгаа. Эхлээд гадаад зах зээлд түүхий нүүрс гаргаж мөнгө хөрөнгө цуглуулж байгаад цогцолбороо байгуулах хэрэгтэй юм болов уу, эсвэл аж үйлдвэрийн цогцолбороо даруй байгуулаад дотооддоо нүүрсээ боловсруулж нэмүү өртөг бүтээх хэрэгтэй болов уу?

-Мэдээж даруй нэмүү өртөг үйлдвэрлэх нь чухал л даа. Үүнийг бүгдээрээ ойлгож байгаа. Гэхдээ эдийн засгийн тооцоо судалгаа чухал. Эдийн засгийн хувьд өгөөжөө өгөхөд хэцүү тийм төслүүд бол үр ашгаа амархан өгөхгүй шүү дээ. Аль нь эдийн засгийн тооцоогоор илүү ашигтай тусах вэ гэдэг өнцгөөс эхлээд харах хэрэгтэй. Нэг их аугаа юм бодоод эдийн засгийн ашиг багатай бол том том яриад л байхаас биш үр ашгаа өгөхгүй, хөдлөхгүй шүү дээ.

-Эхний ээлжид хэр зэргийн хүчин чадалтай уурхайг Тавантолгойд босгоод авбал үр өгөөжөө өгөх бол?

-Техникийн асуудлаар би яримааргүй байна, уучлаарай. Ажлын хэсгийн хүрээнд ч тогтож амжаагүй байгаа асуудал.

-Тавантолгойтой төмөр замын шинэ чиглэл гарцаагүй холбоотой байгаа. Шинэ зам өргөн царигтай, үгүй бол нарийн царигтай байна. ОХУ руу эхэлж нүүрсээ гаргаад Хятадын хилийн гадуур тойруулж Ванино боомт хүргэе. Эсвэл шууд БНХАУ руу гаргаж тэндээсээ БНХАУ, БНСУ хүргэе гээд УИХ-ын гишүүд олон талаас нь ярьж байна. Таны хувьд төмөр замаар ямар байр суурьтай байгаа вэ?

-Би бол төмөр замд холимог систем л зөв байх гэж бодож байгаа. Өөрөөр хэлбэл, өргөн, нарийн зам хосолсон сүлжээ байж таарна. Зөвхөн нэг тал руу гэх биш, хойшоо, урагшаа аль аль руугаа холбогдсон зам байх ёстой. Дан өргөн царигийн замаар ОХУ руу нүүрс зөөнө гэхээр тэртэй тэргүй эдийн засгийн хувьд ашиггүй гэдэг нь ойлгомжтой. Холимог сүлжээ илүү үр дүнтэй л дээ.

-Сайншанд руу, аж үйлдвэрийн цогцолбор руугаа бас зам тавих хэрэгтэй юү?

-Сайншанд руу ч, хойшоо ч, урагшаа ч аль аль руу нь сүлжээ маягаар зам татна. Энэ чиглэлээр ажиллаж байсан хүмүүсийн саналыг сонсоход зөвхөн өргөн царигаар, ОХУ руу гэсэн саналыг дэмждэггүй юм билээ.

-Иргэддээ хувьцаа эзэмшүүлэх, мөн эхний ээлжинд Тавантолгойгоос  эзэмших хэсгийн 10 хувийг хөрөнгийн биржээр хувьцаа маягаар арилжаалах тухай ярьцгааж байна. Энэ хэр оновчтой бодлого вэ?

-Манай ашигт малтмалын хууль дээр стратегийн ордуудын 10 хувийг дотоодын Хөрөнгийн биржээр арилжаална гэсан заалт байдаг. Хэрэгжиж эхлээгүй байгаа. Түүнийг Тавантолгой дээр хэрэгжүүлэхийн төлөө ажиллах нь зүйтэй. Одоо бол төр хувьцаа эзэмшиж байгаа. Түүнээс тодорхой хэсгийг иргэддээ давуу эрхээр эзэмшүүлэхийг зөв гэж би үзэж байна. Бэлэн мөнгө тарааснаас тэр хувьцаа нь хамаагүй зөв зүйтэй бодлого л доо. Миний ойлгосноор  анх УИХ-ын 2008 оны сонгуульд орохдоо Ардчилсан нам эхлээд Монгол Улсын иргэн бүрт нэг сая төгрөгийн хувьцааг стратегийн ордуудаасаа эзэмшүүлнэ гэж амласан юм шиг байна лээ. Түүнээс нь давах гээд МАХН 1,5 сая төгрөг бэлэн өгнө гэж уралдсан. Яваандаа үүний  учир нь олдохоо болиод хоёр нам тус тусдаа нэг сая, 1,5 сая төгрөгийг иргэн бүрт бэлэн өгөх юм шиг болчихсон. Түүндээ бантаад байхгүй мөнгийг иргэддээ амлачихсан. Ямар сайндаа УИХ дээр Төсвийн тогтвортой байдлын хууль хэлэлцэж байхад мөнгө амлаж болохгүй, төсөвт байхгүй зүйлийг иргэдэд амлаж болохгүй гэсэн заалтууд орж ирж байна шүү дээ. Ялгаагүй бас нэг туйлшрал. Нэг туйлшралаас нөгөө рүү үсэрч байна гэсэн үг л дээ. Нэг болохоор баахан байхгүй юм амлачихдаг. Эсвэл бүр юу ч амлаж болохгүй гээд ийм байдалтай байж таарахгүй л дээ. Яваандаа стратегийн ордуудаа аятайхан зөв ашиглаад эхэлбэл аль алийг нь өгөх бололцоо гарах байлгүй дээ.

Д.ОЮУНЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж