Блумфонтейн хотын Фри Стейт цэнгэлдэхэд Монголын цагаар 19.30 цагаас эхэлсэн “F” хэсгийн Парагвай болон Словакийн багийн тоглолт 2:0 харьцаатай Өмнөд Америкчуудын ялалтаар өндөрлөлөө.
Тоглолтын 27 дахь минутад Энрике Вера багтаа тэргүүлэл авчирсан бөгөөд тоглолт өндөрлөхөөс өмнөхөн Кристиан Риверос гоолдсоноор багийнхаа ялалтыг бататгасан юм. Энэ тоглолтод ялагдсанаар Словакийн шигшээ хэсгийн сүүлийн тоглолтдоо Италийн багийг зайлшгүй хожсон тохиолдолд дараагийн шатанд өрсөлдөх эсэх талаар ярих эрхтэй болох юм. Харин эсрэгээр ялалт байгуулсан Парагвайн шигшээ багийнхан шөвгийн 16-д өрсөлдөх эрхээ бараг л өвөртөлсөн гэж болно. Тэд сүүлийн тоглолтоо Шинэ Зеландын багтай хийх бөгөөд тэнцсэн тохиолдолд л тэмцээнээ цаашид үргэлжлүүлэх боломжтой болох юм.
Тоглолт эхэлснийг зарласан эхний шүглийн дуунаас эхлээд л парагвайчууд талбайд илт илүүрхэж, ширүүн довтолж байсан бол словакчууд тоглолтын дийлэнх хугацаанд хойш сууж, хамгаалсан маягтай тоглож байлаа.
Словак 0:2 Парагвай /Фри Стейт, Блумфонтейн/
Гоол: Вера /27’/, Риверос /86’/
Словак: Ян Муха, Петер Пекарик, Мартин Шкртел, Корнел Салата /Мирослав Стох 83’/, Ян Дюрица, Здено Штрба, Марек Гамшик, Станислав Шестак /Филип Голошко 70’/, Владимир Вайсс, Ян Козак, Роберт Виттек
Парагвай: Хусто Вильяр, Карлос Бонет, Пауло да Сильва, Антолин Алькарас, Клаудио Морель Родригес, Виктор Касерес, Энрике Вера /Эдгар Баррето 88’/, Кристиан Риверос, Нельсон Вальдес /Аурелиано Торрес 68’/, Роке Санта Крус, Лукас Барриос /Оскар Кардосо 82’/
С.ЦЭЛМЭГ