Б.Сэр-Од Ойта марафонд IV байр эзлэв

Хуучирсан мэдээ: 2014.02.04-нд нийтлэгдсэн

Б.Сэр-Од Ойта марафонд IV байр эзлэв

Монгол Улсын Гавьяат тамирчин Бат-Очирын Сэр-Од Японы “Beppu-Oita Mainichi” марафонд дөрөвдүгээр байр эзэллээ.

Уламжлалт “Beppu-Oita Mainichi” марафон Японы Ойта хотноо өнгөрөгч ням гаригт буюу хоёрдугаар сарын 2-ны өдөр боллоо.

63 дахь удаагийн тэмцээнд Уганда улсын тамирчин Абрахам Киплимо 2:09:23 цагийн амжилтаар тэргүүлсэн бол Японы Имай Масато, Шираиши Кэничи нар мөнгө, хүрэл медаль хүртсэн байна. Гавьяат тамирчин Б.Сэр-Од 02.10.59 цагийн амжилтаар дөрөвдүгээр байрт шалгарчээ. Б.Сэр-Од өнгөрсөн арванхоёрдугаар сард Японы Хофу хотноо болсон уламжлалт марафонд тэргүүлсэн бөгөөд энэ оны анхны тэмцээндээ амжилттай оролцсон байна.

1952 оноос зохиогдож эхэлсэн "Beppu-Ōita" марафонд Японы тамирчид 44 удаа түрүүлсэн бол бол Мексик, Кени, Өмнөд Африк, Мароккоос тус бүр хоёр удаа тэргүүлж байжээ. Мөн АНУ, Австрали, Бразил зэрэг найман улсын тамирчид нэг түрүү авчээ.

Монгол Улсын гавьяат тамирчин Б.Сэр-Одын хувьд өнгөрсөн жилийн Азийн аваргаас алтан медаль хүртэж, улмаар Зүүн Азийн наадмаас 5000 м-т мөнгөн медаль хүртсэн. Мөн ОХУ-ын Москва хотноо болсон хөнгөн атлетикийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, 36-р байрыг эзэлсэн. Энэ нь түүний зургаа дахь дэлхийн аваргын тэмцээн юм.

Ч.БОЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж