Тогтмол цалин, орлоготой иргэн бүр сар тутам нийгмийн даатгалын шимтгэлээ төлдөг. Тодорхой эрхэлсэн ажилгүй, малчин, хувийн бизнес эрхэлдэг хүн ч сар тутам сайн дурын даатгалд хамрагдах болжээ. Нийгмийн даатгалын шимтгэлээ зохих хэмжээгээр нь төлдөг ч үүнээс гадна давхар даатгалаа төлөөд явдаг хүмүүс ч нэмэгдэж буй гэнэ. Энэ нь та бидний ирээдүйг тодорхой хэмжээгээр батлан даах Нийгмийн даатгалын санг бүрдүүлж байна. Санд байгаа хөрөнгөд хэн ч гар хүрэх эрхгүй. Энэ бол хөдөлмөрлөж олсон хүмүүсийн сарын орлогоос бүрдсэн, тэдний ирээдүйд авах мөнгө учраас бат найдвартай байх ёстой.
Тэгвэл эдийн засгийг хөгжүүлэхэд Нийгмийн даатгалын санг ашиглах тухай нэлээд хэдэн жилийн өмнөөс яригдаж эхэлсэн. Чухам бэлэн хөрөнгийг эргэлтэнд оруулж, арвижуулах арга зам нь Нийгмийн даатгалын санг Хөрөнгө оруулалтын сан байдлаар ажиллуулах гэдгээр төсөөлж байгаа юм. Одоогоор Хөрөнгө оруулалтын сан болгох тодорхой төлөвлөгөө, журам, хууль эрх зүйн орчин байхгүй. Үнэт цаасны тухай хуулийн шинэчилсэн найруулгад Нийгмийн даатгалын санг Хөрөнгө оруулалтын сан болгох асуудлыг товч дурдсан байдаг. Гэвч энэ талаар салбарыг яам, Засгийн газар, УИХ-ын хэмжээнд тусгайлан хэлэлцээгүй байгаагаас нийгмийн даатгалынхан энэ сан хэзээ, яаж ажиллах талаарх мэдээллийг дур мэдэн өгөх боломжгүй гэдгээ хэлж байна. Одоогийн байдлаар Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг арилжааны банкуудад тараан байршуулж, хадгалуулж байгаа. Яг хэдий хэр хөрөнгийг аль банкинд хэр хцгацаагаар байршуулж, хэдэн хувийн хүүг тооцон авч, хааш нь хийдэг вэ гэдэг мэдээлэл нь төдийлөн тодорхойгүй. Олон нийтийн хөрөнгийг татан төвлөрүүлсэн ийм том сангийн хөрөнгө төрийнх биш, иргэдийнх байтал сангийн хөрөнгийг хэрхэн хадгалж байгаа нь тодорхойгүй, хяналт шалгалт муу байгааг зарим эдийн засагчид хэлж байна. Үнэхээр ч Нийгмийн даатгалын ерөнхий газрынхан иргэдэд нээлттэй мэдээлж болох тоо баримтыг нууц далд мэдээллээс ялгаж, салгаж хэлдэг юм билээ.
2010 онд хөндлөнгийн байгууллагаас Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийн талаарх судалгааг явуулж, 2-3 их наядаар хэмжигдэх боломжтой гэж мэдээлж байсан. Тэгвэл 2013 оны арваннэгдүгээр сарын эцсийн байдлаар Нийгмийн даатгалын таван төрлийн санд 852.7 тэрбум төгрөгийн шимтгэлийн орлого төвлөрүүлсэн байна.
Үндсэндээ сангийн нийт хэмжээ хэд байдаг нь одоогоор нууц. Орлого нь одоогоор ийм хэмжээтэй бөгөөд 2012 оныхоос нэг тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт гэх. Нэгэнт л одоо сангийн хөрөнгийг бондод хөрөнгө оруулах, арилжааны банкинд байршуулах зэргээр эргэлдүүлж байгаагаас хойш нэг мөр Хөрөнгө оруулалтын сан байдлаар нэгдсэн зохион байгуулалтад оруулж, нийтэд ил тод ажиллуулахыг яаравчлах хэрэгтэй болжээ.
Гадаадын улсад Нийгмийн даатгалын сангаа хариуцдаг сангийн менежментийн компани ажиллаж, нээлттэй мэдээлдэг байна. Манайд менежментийн компани байгуулан төрийн алба, агентлагийн тоо, төрийн аппаратыг бий болгоод хэрэггүйгэж үзэж буй бол Нийгмийн даатгалын сан, эсвэл Хөрөнгө оруулалтын сан гээд тодорхой зааглаад өгчихмөөр байгааг эдийн засагчид хэлж байна. Ингэвэл сангийн хяналт сайжирч, иргэдийн орлогоос бүрдүүлж буй сан чухам хэдий хэмжээний хөрөнгөтэй байгаа, түүнээс аль талд хөрөнгө оруулсан юм, үр ашиг нь хэзээ гарах юм гэх зэргээр тодорхой боломж бүрдэх биз. Түүнчлэн нэг том сан байхаас гадна эдийн засгийн нөхцөл байдлын шаардлагаар нөөц сан бүрдүүлэх хэрэгтэй байна. Энэ нөөц санг эдийн засагт чухал нөлөөтэй уул уурхайнхнаас эхний ээлжинд бүрдүүлэх боломж бий гэдэг гаргалгааг хэлж буй хүмүүс цөөнгүй.
Ямартай ч энэ бол том тогтолцоо, бэлтгэл ажил чамгүй их тул зах зухаас нь асуудлыг тодорхой болгох шаардлагатай байна. Сүүлийн жилүүдэд засаглалын асуудлыг ярьж, олон нийтийн эрх ашгийг хөндөх байгууллага, газруудад санхүү, үйл ажиллагааны тайланг нээлттэй, үнэн шударга болгох сайн засаглалыг жишгийг Нийгмийн даатгалын тогтолцоонд яаралтай нэвтрүүлэх хэрэгтэй байна. Сангийн хөрөнгийн зарцуулалтыг ил тод, ойлгомжтой болгоё, улс орны хөгжилдөө ч хөрөнгө оруулъя.