Юанийн ханшийг өөрчлөхөө мэдэгдлээ

Хуучирсан мэдээ: 2010.06.20-нд нийтлэгдсэн

Юанийн ханшийг өөрчлөхөө мэдэгдлээ

Ирэх амралтын өдрүүдэд Канадад болох Их-20-ийн уулзалтын өмнө Хятад нэгэн чухал мэдээлэл хийлээ. Хятадын мөнгөн тэмдэгт юанийн ам.доллар болон хөгжингүй зарим орны валюттай харьцах ханшийг “уян хатан” болгохоо Хятадын Төвбанк бямба гаригт мэдэгдлээ. Гэхдээ “уян хатан” гэдгээ нарийвчлан тайлбарлаагүй байна.

Монгол Улсын гадаад худалдааны дийлэнх хувь БНХАУ-тай хийгдэж байгаа өнөөгийн нөхцөлд Хятадын Төвбанкны мэдээлэл Монголын бизнес эрхлэгчдэд ч бас хамаатай. Хятадын юанийн ам.доллартай харьцах ханш 2008 оноос хойш хөдөлгөөнгүй буюу нэг ам.доллар 6.83 юаньтай тэнцэж байгаа. АНУ болон дэлхийн тэргүүлэгч эдийн засагтай улс орнууд хятадууд мөнгөн тэмдэгтийн ханшаа зохиомлоор бага түвшинд барьж байгаа хэмээн шүүмжилдэг. Ингэснээр Хятадад үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний гадаад зах зээлд өрсөлдөх чадвартай болж байгаа юм. Шинжээчдийн үзэж байгаагаар юанийн ам.доллартай харьцах ханш бодит ханшаасаа 40 хувь доогуур байгаа аж. Хятадын энэ мэдэгдлийг “дэлхий эдийн засгийн хямралаа даван туулж эхэлсэн учраас хятадууд юанийн ханшаа өөрчлөхөөр шийдсэн” хэмээн зарим ажиглагч үзэж байгаа бол Хятадын банкирууд “дорвитой өөрчлөлт хийгдэхгүй” гэж үзэж байна. АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Хятадын мэдэгдлийг талархан хүлээн авч байгаагаа мэдэгдээд байна. Обамагийн Сангийн сайд Тимоти Гейтнэр Хятадыг “чухал алхам” хийлээ хэмээн дүгнэсэн ч “гэсэн ч ханшийн өөрчлөлт хэдий хэмжээнд байх нь асуудлын гол юм” хэмээжээ.
Сүүлийн хоёр жилийн турш юанийн ханшийг бага түвшинд барьснаар Хятад их хэмжээний валютын болон алтны нөөцийг цуглуулж чадсан юм.

Д.НАРАНТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж