Монгол, Тяньжины ажлын хэсгийн хуралдаан болжээ

Хуучирсан мэдээ: 2010.06.20-нд нийтлэгдсэн

Монгол, Тяньжины ажлын хэсгийн хуралдаан болжээ

Дунжяны чөлөөт худалдааны боомт бүсэд болох Монгол Тяньжины ажлын хэсгийн дөрөвдүгээр хуралдаан өнгөрсөн долоо хоногт болсон байна. Энэ удаагийн хуралд Монгол Улсаас төрийн өндөр албаны болон бизнесийн төлөөлөгчдөөс бүрдсэн 50-аад хүн оролцож байна. Ажлын хэсгийн дарга, ЗТБХБ-ын дэд сайд Т.Пүрэвдорж, Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар, Эрдэс баялаг эрчим хүчний дэд сайд Б.Ариунсан гээд нэрлэвэл газрын тос , авто тээвэр, хүнс ХАА, түлшний бодлого, гаалийн газраас ч мөн албаны хүмүүс багтжээ.

Хятадын талаас Тяньжин хотын ХШХ-ны орлогч дарга Гуан Ли Нянаар ахлуулсан гадаадын хөрөнгө оруулалт , худалдаа, гадаад эдийн засаг , гааль хорио цээрийн зэрэг бүхий л салбарын ажилтнууд байлцсан байна. Хоёр талын ажлын хэсэг Монголын талын аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааны төслүүд дээр үндэслэн тээвэр ложистикийн төслийг хэрэгжүүлэх асуудлыг судлан хэлэлцэх зэрэг олон салбар хуралдааныг зохион байгуулсан байна . Монголын газрын тосыг Тяньжин боомтод ирэхэд хөлөг онгоцыг хүлээн авах , нефть буулгах, хадгалах зэрэг асуудалд дэмжлэг үзүүлэх, Ланшин нефть нэрэх үйлдвэрт Монгол Улсын газрын тосыг боловсруулах асуудалд гаалийн байгууллагын зүгээс гаалийн баталгаат боловсруулалт хийх боломжийг бүрдүүлэх зэрэг асуудлыг салбар хуралдаан дээр хэлэлцжээ.

Түүнчлэн Монгол улсын уул уурхайн аж ахуйн нэгжүүд болон Нянжяны нүүрсний аж ахуйн нэгжүүд хамтран нүүрс экспортлох тогтолцоог судлах, задгай барааны бирж дээр Монгол улсын уул уурхайн бүтээгдэхүүн худалдах боломжийг бүрдүүлэх асуудлыг хөндсөн байна. Мөн Тяньжиний агаарын тээврийн компани Монголын “Изинис эйрвэйс” ХХК хамтран аялал жуулчлалын нислэг хийх санамж бичиг байгуулах, банк санхүүгийн хамтарсан үйл ажиллагаа явуулах гээд олон олон асуудлууд яригджээ.

Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж