
Дулааны чиглэлээр гэхэд Амгалан дулааны станцын 300 Гкал/ц, Дулааны III цахилгаан станцын 100, Дулааны IV дүгээр станцын 188 Гкал/цагийн эх үүсвэр ашиглалтад оруулж, 2014 онд нийт 588 Гкал/цагийн эх үүсвэр шинээр ашиглалтад оруулахаар ажиллаж байна хэмээн Эрчим хүчний сайд М.Сономпил танилцуулав. Мөн бүс нутгийн цахилгаан хангамжийг сайжруулах, эрчим хүчний системийн горим ажиллагааг тогтворжуулах үүднээс Чойбалсан дулааны ЦС-ын өргөтгөл, Эгийн голын 220МВт хүчин чадалтай усан цахилгаан станцуудыг барих бэлтгэл ажил, Тэлмэний 100 МВт хүчин чадалтай цахилгаан станц, Туул-Сонгино цогцолборын усан цахилгаан станцын барилгын ажлыг эхлүүлэх юм байна. Мөн Архангай, Баянхонгор, Дундговь, Өвөрхангай, Хэнтий, Төв, Завхан, Говь-Алтай гэсэн найман аймгийн дулааны станц, шугам сүлжээний шинэчлэлийн ажилд 24 тэрбум төгрөг төлөвлөж, нэг аймагт гурван тэрбум төгрөгөөр төслийг эхлүүлэх ажээ.
Түүнчлэн Нийслэлийн дулаан хангамжийг сайжруулах үүднээс ДЦС IV–ийн 100 МВт-ын өргөтгөлийг хийснээр нийт 40 мянган айл өрх, 500 орон сууц шинээр дулаанд холбогдох боломж нээгдэх аж. Харин Улаанбаатар хотын цахилгаан хангамжийг сайжруулахаар “Их тойрог сүлжээ” төслийг хэрэгжүүлснээр 2030 он хүртэл хэрэглэгчдийг найдвартай, чанартай эрчим хүчээр хангах нөхцлийг бүрдүүлж байгаа гэдгийг салбарын сайд онцолсон. Нийслэлд хөдөө орон нутгаас жилдээ 12 мянган өрх нийслэл хотод нүүж ирэн тог цахилгаанд холбогдож амжаагүй байдаг ба эдгээр өрхүүдийг гэрэл цахилгаанд холбохын тулд улсын төсвөөс 8-10 тэрбум төгрөгийг төсөвлөдөг аж. Өнөөдрийн байдлаар нийслэл хотын хэмжээнд цахилгаанд холбогдоогүй зургаан мянга гаруй өрх байдаг аж.