Онцгой эрхтэй орон нутгийнхан

Хуучирсан мэдээ: 2014.02.03-нд нийтлэгдсэн

Онцгой эрхтэй орон нутгийнхан

УИХ-аас баталсан Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн хүрээнд орон нутагт  гол эрх мэдлийг өгсөн байгаа. Уул уурхайнхан болон орон нутгийн иргэдийн дунд багагүй зөрчил үүсдэг, үүнээс болоод зодон цохион, буу шийдэмд хүрсэн явдал цөөнгүй гарсан. Тиймээс уул уурхайн салбарын бүтээн байгуулалтыг эсэргүүцэгчид буюу байгаль хамгаалагчид, орон нутгийнхантай хэл амаа ололцох нь өнөөдрийн хувьд чухал сэдэв болчихоод байгаа юм.

Орон нутгийнхны хэл амаас айж ашигт малтмалаа ашиглахгүй байна гэдэг тэнэг хэрэг хэмээн эдийн засагчид ярьдаг. Эдийн засгийн үр ашиг, улс орны хөгжлөө бодсон ч уул уурхайн бүтээн байгуулалтыг явуулах зайлшгүй шаардлагатай. Харин газар нутгийг цөлмөж, хамаг баялгийг маань ухаад аваад алга боллоо гэдэг өнцгөөр нутгийн олон уул уурхайнхантай дайсагнах нь бий.  Тиймээс хууль эрх зүйн орчноор  ийнхүү түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох, түтгэлзүүлэх, байгаль орчны нөхөн сэргээлтэд хяналт тавих эрх нь орон нутгийн удирдлага, иргэдэд очих болж байна. Орон нутгийн засаг захиргаа оршин суугчдын дуу хоолой болох учир газар орноо ямар онцлогтой, аль хэсэгт уул уурхайн бүтээн байгуулалт ямар хэмжээгээр явуулах боломжтойг сайн мэддэг тул уг шийдэл үр дүнгээ өгнө байх гэдэгт хууль боловсруулагчид, зарим эдийн засагчид найдаж байгаа. Нутаг оронд нь хайгуул, олборлолт хийж буй компаниудын алдаа оноог иргэд чухам сайн мэдэж, хажуу ойроос нь байгаль орчны нөхөн сэргээлтээ хийхийг шаардах эрхтэй ийм л боломж гэсэн.

Аймаг, нийслэл нь түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл хүлээн авч, хайгуул хийх, ашиглах, хориглох, түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцаж байгаа эсэхийг тогтоолгох өргөдөл, саналыг холбогдох баримтын хамт төрийн захиргааны байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлэх ажээ. Төрийн захиргааны байгууллага аймаг, нийслэлийн Засаг даргын хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын таван өдөрт багтаан хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбогдох шийдвэрийг мэдэгдэх юм байна. Ингэхдээ түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг анх гурван жилийн хугацаагаар олгож, хоёр жилийн хугацаатайгаар нэг удаа сунгана. Харин ашиглалтын тусгай зөвшөөрлийг  15 жилийн хугацаатайгаар олгож, нөөцийн хэмжээнээс шалтгаалж 10, 10 жилээр нийт 35 жил сунгахаар тусгажээ. Ийм тусгай зөвшөөрөл эзэмшигч нь бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс 2.5 хувиар тооцож, түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг орон нутгийн төсөвт төлөх юм байна.

Ийнхүү түгээмэл тархацтай гэдгээр ашиглалтын тусгай зөвшөөрлийг дээд тал нь 35 жилээр ашиглах хугацаанд түгээмлээс өөр төрлийн ашигт малтмал, түүх соёлын олдвор олвол яах вэ гэдэг асуудал хуулийн төслийг хэлэлцэх үеэр гарч байжээ. Тэгвэл ийм тохиолдолд хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагааг зогсоож, шууд аймаг, нийслэлийн Засаг даргад мэдэгдэхээр заасан бөгөөд нутгийн удирдлагаар дамжуулж, энэ асуудлыг төрийн захиргааны байгууллагаар шийдүүлэх юм байна.

Ямартай ч орон нутгийн эрх мэдлийг илүү тусгаж өгсөн хууль мэндлэн гарлаа. Иймэрхүү гарц, шийдэл гарахаар аль эрх мэдэлтэй зүгт хахууль “үнэртэх” шинжтэй болдог тул нутгийн захиргааны ил тод үйл ажиллагаа нэн чухал болж байна.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж