Шинийн найман, бүр амжихгүй бол шинийн 15-ны дотор буян ном хуруулбал илүү сайн гэсэн ойлголт монголчуудад бий. Бурхан багш хаврын тэргүүн сарын 1-15-нд рид хувилгаан дүр үзүүлэн тэрсүүдийн мунхгуудыг дарсан хэмээдэг тул ийнхүү эдгээр өдрүүдэд сайн гэнэ лээ. Иймэрхүү сурталчилгааг лам нар сайн хийдэг болохоор сүсэгтэн олон ч эдгээр өдрүүдэд амжиж номоо хуруулахын тулд бөөн ажил болдог.
Цаг цагт нэг цадна, Цагаан сараар нэг цадна гэгчээр лам нарын хувьд цагаан сараар цөм баяждаг гэдэг. Үнэндээ сар шинийн өдрүүдэд лам нар шиг эрэлттэй бөгөөд ховорхон хүн үгүй. Тиймдээ ч сар шинийн дараахан унаагаа томруулдаггүй лам нар тун цөөхөн гэдэг юм билээ. Ямар ч байсан Монголын лам нар бизнесийн ухаанд гаргууд суралцаж, интернэт, сонин хэвлэлээр зар тавьж, гэрээр үйлчилдэг болоод удаж байна. Сүм хийд орж, цаг алдаж, даарч хөрөх шаардлага байхгүй. Зарын сонин аваад ганц утас цохиход л лам нар өөрсдөө хүрээд ирдэг болсон байна лээ. Гэрээр үйлчилгээ үзүүлж байгаа зарим лам нар 20-50 мянган төгрөгийн дотор засал номыг нь хийж өгдөг гэсэн. Гэхдээ мэдээж ямар засал, хичнээн хүний заслыг хийж байгаагаасаа шалтгаалдаг юм байх. Татвар төлөхгүй, мөн үйлчлүүлэгч нь бараа чанаргүй хэмээн гомдол гаргахгүй, хулхи үйлчилгээ үзүүлсэн гэж бухимдахгүй, нэг үгээр хэлбэл, гэрээр явж ном хурна гэдэг лам нарын хувьд унацтай “халтуур”, нөгөө талаар тун чиг аятайхан эрсдэл багатай бизнес болжээ. Татварынхан давхиж ирээд хаалга үүдийг нь нүдэж, торгууль тавьж айлгахгүй. Нэгэн танил лам маань Цагаан сарын үеэр зурхайчид нь дор хаяж өдөртөө л хагас сая төгрөг олдог гэж сайрхаж байсан нь үнэн бололтой.
Сүүлийн үед бүр ном заслыг нь хийж өгөх интернет үйлчилгээ нээгдсэн гэсэн. Камер харалцаж байгаад л мөнгөө дансанд нь шилжүүлсэн “үйлчлүүлэгч”, сүсэгтэндээ ном уншиж өгдөг юм болов уу даа. Хүмүүсийн цаг завыг хэмнэж, оочер дугаар үүсгэхгүй “сонгодог” үйлчилгээ гэж зар тавьсан нөхөр сар шинийн өмнө утсаар тайлбарлаж байна лээ. Голдуу гадаадад амьдарч байгаа хүмүүс л ихэвчлэн ханддаг юм байх. Зөвхөн лам гэхгүй бөө, удгануудын эрэлт ч ихэсчээ. Орц, гудамжинд шөнөжин цан хэнгэрэг нүдэх явдал шинийн 15-ны дотор нэлээд гарах байх. Хэн ч тэднийг шөнө оройн цагаар амтат нойрноос хулгайллаа гээд зарга мэдүүлэхгүй, хэрүүл хийхгүй.
Мэдээж, монголчууд сүсэг бишрэл ихтэй ард түмэн. Тэр утгаараа шинэ оныхоо засал номыг хийлгэхийг чухалчилдаг. Гэхдээ хэн хэндээ үнэн, шударга үйлчилгээ үзүүлж байвал бас болно. Учир нь зарим лам нар ном уншиж байна гээд л аман дотроо дүнгэнээд байхаас биш энэ номыг юуны тулд уншдаг болохыг тайлбарладаггүй. Ном уншиж байхдаа утсаараа оролдох явдал байдал л нэг үзэгдэл болсон.
Төлсөн, авсан гээд үзэх юм бол лам нар жаахан соёлтой бөгөөд сүсэгтнүүдийхээ сэтгэлд нийцсэн үйлчилгээ үзүүлж баймаар байна. Тэртээ тэргүй шашин бизнес болчихсон нь нэгэнтээ хүлээн зөвшөөрөгдчихсөн хойно, хэрэглэгчийнхээ таалалд нийцсэн үйлчилгээ явуулбал өөрсдийн нь бизнест л хэрэгтэй шүү дээ.