Дарьганга, Наран сумдад хорио цээр тогтоожээ

Хуучирсан мэдээ: 2014.02.03-нд нийтлэгдсэн

Дарьганга, Наран сумдад хорио цээр тогтоожээ

Сүхбаатар аймгийн Онгон сумын I, III дугаар багийн нутагт “А” хэвшлээр үүссэн олон улсын худалдааны хорио цээрт мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсан болох нь шинжилгээгээр тогтоогджээ. Үүссэн нөхцөл байдлын талаар өнөөдөр 14.00 цагт Онцгой байдлын ерөнхий газарт холбогдох мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл хуралдсан байна.

Өнөөдрийн байдлаар Онгон сумын I, III дугаар багийн арав гаруй малчдын 86 үхэр өвчилнөөс 82-ыг энэ өвчинтэй тэмцэж хэрэгжүүлэх зааврын дагуу устгаад байгаа аж. Халдварын голомтод шүлхий өвчинтэй тэмцэж хэрэгжүүлэх ажлыг заавар, журмын дагуу хэрэгжүүлж байгаа хэдий ч халдварын тархалт тэлэх хандлагатай байгаа тул гүйцэтгэх ажлыг эрчимжүүлж ажиллах шаардлагатай байна. Иймд тус аймгийн Наран, Дарьганга сумын нутаг дэвсгэрт өнөөдрөөс эхлэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж хорио цээрийн дэглэм тогтоожээ.

Уг өвчний тархалтыг хурдан хугацаанд зогсоох, өвчнийг хязгаарлах зорилгоор  Онгон, Наран, Дарьганга, Шилийн богд чиглэлд явах хүн, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаахаар шийдвэрлэж дээрхи чиглэлд зорчихгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна. Мөн,

  • Сар шинийн баярыг тохиолдуулан зохион байгуулдаг хурдан морины уралдааныг зохион байгуулах, уул овоо тахих /Шилийн богд, Алтан овоо/ арга хэмжээг цуцлах,
  • Онгон, Наран, Дарьганга сумдын сурагчдын амралтыг сунгах,
  • Аймаг, сумдад зохион байгуулагдах олон нийтийг хамарсан хурал, цуглаан зэрэг бусад арга хэмжээг тодорхой бус хугацаагаар хойшлуулах,
  • Халдварын гарал үүсэл, тархалтын хүрээг тогтоог ажлыг энэ сарын эхний 10 хоногт дуусгах,
  • Өвчлөмтгий малд тарих вакцинжуулалтын ажлыг эрчимжүүлэх,
  • Халдварын голомт дахь хөдөлгөөнийг тодорхой бус хугацаагаар зогсоох,
  • Шүлхий өвчин гарсан бүс нутаг тэдгээртэй хил залгаа сум, аймгийн нутаг дэвсгэр дэх шүлхий өвчнөөр өвчлөмтгий мал, тэжээвэр болон зэрлэг амьтдын дунд хийх тандалтыг эрчимжүүлэх зэрэг арга хэмжээг шуурхай зохион байгуулахаар ажиллаж эхэлсэн байна.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж