Хадгаламжийн даатгалын сонгодог тогтолцоонд шилжинэ

Хуучирсан мэдээ: 2010.06.20-нд нийтлэгдсэн

Хадгаламжийн даатгалын сонгодог тогтолцоонд шилжинэ

Төв банк Засгийн газартай хамтарч, Банкны салбарыг чадавхжуулж, өөрийн хөрөнгөөр дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлэх болсноо өнгөрсөн баасан гаригт болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн. Хуулиараа банкны хөрөнгө дутагдаж байвал хувь нийлүүлэгчдийн зүгээс хөрөнгө нэмэх, өрийн бичиг гаргах гэх мэт замаар өөрийн хөрөнгөө шаардлагын төвшинд хүртэл нэмэгдүүлэх үүрэгтэй. Харин хувийн салбараас хөрөнгө оруулалтыг татах боломжгүй тохиолдолд банк төрөөс үзүүлэх өөрийн хөрөнгийн дэмжлэгийн хөтөлбөрт сайн дураараа хамрагдах боломжтой. Төрөөс үзүүлэх өөрийн хөрөнгийн дэмжлэг нь хувьцаа болон өрийн бичгийн санхүүжилт гэсэн үндсэн хоёр хэлбэртэй. Ямар хэлбэрийн дэмжлэгийг үзүүлэх нь тухайн банкны өөрийн хөрөнгийн хэрэгцээний хэлбэр, хэмжээнээс шалтгаалах юм байна. Хувьцаа хэлбэрээр бол 30 сар, өрийн бичгийн санхүүжилт хэлбэрийн дэмжлэг нь долоон жил хүртэл хугацаатай нэг удаагийн дэмжлэг байх ажээ.

Банкин дахь мөнгөн хадгаламжийг даатгалын сонгодог тогтолцоонд шилжүүлэхэд төсөвт учирч болзошгүй дарамтыг багасгах үүднээс дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлэх болсон байна. Монгол Улс Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай хуулийг 2008 оны арваннэгдүгээр сард баталсан, энэ нь эдийн засгийн хямралтай үед авсан түр зуурын арга хэмжээ байжээ. Цаашид энэ хуулийг хүчингүй болгох юм байна. Харин Хадгаламжийн даатгалын тухай хуулийг төслийг Засгийн газарт өргөн барихад бэлэн болгожээ.

Одоогоор банкны системийн нийт активын хэмжээ 4.5 их наяд төгрөг байгаа тухай мэдээлсэн. Энэ хөрөнгийн 3.1 их наяд нь Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай хуульд хамрагдах харилцах, хадгаламжийн мөнгө ажээ. Аль нэг банкны үйл ажиллагаа доголдоход санхүүгийн хүндрэлд орж, татан буугдахад тухайн банкинд байх ёстой хадгаламж, харилцахын хэмжээгээр төсвөөс буюу татвар төлөгчдийн хөрөнгөөр эргүүлэн төлөхөөр байгаа юм.

Б.БЯМБАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж