ATP чансааны 18-д бичигдэж буй Японы Кей Нишикори.
Талбайн теннисний багийн аварга шалгаруулах “Davis Cup” тэмцээн нэгдүгээр сарын 31-наас арваннэгдүгээр сарын 23-ны хооронд явагддаг.
“Davis Cup”-ын дээд хэсэг буюу шилдэг 16 багийн тоглолт эдгээр өдрүүдэд болж, 1/4-т өрсөлдөх багууд эхнээсээ тодорч байна.
Дээд хэсгийн шилдэг 16 багт багтсан Японы шигшээ баг өөрийн нутагтаа Канадын багийг хүлээн авч, 4:1-ийн харьцаагаар ялалт байгуулсаар шөвгийн наймд шалгарлаа. Тэд чансаагаараа тэргүүлж буй Чех болон Недарландын багийн аль хожсонтой нь хагас шигшээд өрсөлдөх эрхийн төлөө ирэх дөрөвдүгээр сард тоглох юм. Чансаагаараа Канад долоод, Япон 12-т бичигдэж байна. Одоогоор шөвгийн наймд Герман-Франц, Швейцарийн багууд шалгараад байна.
Японы багийн хувьд Кей Нишикори, Го Сода нарын теннисчид багтсан. ATP чансааны 18-д бичигдэж буй Кей Нишикори өнгөрсөн сард өндөрлөсөн “Австралийн нээлттэй тэмцээн”-ий дөрөвдүгээр тойрогт Испаний Рафаэль Надальтай учраа таарахдаа 6:7, 5:7, 6:7-ийн харьцаагаар ялагдсан. Түүний хувьд одоогоор Азийн тоглогчдыг тэргүүлж буй. Тэрбээр Токио хотноо болсон Канадын эсрэг тоглолтод гурван хожил авахдаа, ганцаарчилсан төрлөөс хоёр, хосоос нэг хожил авчээ.
Мөн “Davis Cup” тэмцээний Ази болон далайн орнуудын бүс дөрвөн хэсэгт хуваагдсанаас тэргүүн хэсгийг Узбекстан, БНСУ-ын багууд тэргүүлсэн байна. Group I-ийн хагас шигшээд Узбекстан-БНХАУ, Энэтхэг-БНСУ-ын багууд оноолт таараад байна. Харин Group IV буюу доод хэсэгт Бахрайн, Бангладеш, Ирак, Катар зэрэг арван орон багтжээ.
“Davis Cup” тэмцээний хагас шигшээд өрсөлдөх эрхийн төлөөх тоглолтууд ирэх дөрөвдүгээр сард болно.