УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга асан Ц.Шаравдорж өнгөрсөн нэгдүгээр сарын 24-нд МАХН-ын гишүүнчлэлээ сэргээсэн билээ. Тэгвэл түүнийг МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга болно гэх яриа нэлээд хүчтэй яригдаж байгаа юм. Гэхдээ тус намын зарим гишүүн “УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга байх намын ерөнхий нарийн бичгийн дарга болох хоёр ондоо. Ц.Шаравдоржоор МАХН ерөнхий нарийн бичгийн дарга болгоно гэдэг худлаа” гэж буй. Харин МАХН-ын ерөнхий нарийн бичгийн даргад нэр нь дуулдаж буй Ц.Шаравдорж МАХН-ын гишүүнчлэлээ сэргээсэн үндэслэлээ “Би 1984 онд МАХН-д гишүүнээр элсэж байсан. Улстөрд байхдаа МАХН-ын гишүүнчлэлээр алба хашиж явсан. 2008-2012 оны хооронд УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн даргын алба хаших хугацаандаа намаасаа татгалзсан, төрийн албаны тухай хуулиар төрийн албан хаагчид намаасаа татгалздаг. МАН-ын батлах байхгүй, тийм учраас би МАХН-ын гишүүнчлэлээ сэргээсэн. Угаасаа МАХН-ын гишүүн байсан” гэж ойлгох хэрэгтэй гэж тайлбарлаж байсан билээ.
МАХН-ын ерөнхий нарийн бичгийн даргын албыг одоогоор Г.Шийлэгдамба хашдаг. Түүнийг намын зарим гишүүд нь чөлөөлөх ёстой хэмээн шаардлага тавьсаар байгаа. Тиймээс Г.Шийлэгдамбыг эсэргүүцэгчдийн зүгээс дээрх яриа гарсан байх талтай аж. Юутай ч тус намын гишүүд намын удирдлагуудаа өөрчлөх шаардлагыг сар шинийн өмнө тавьж байсан ч хариу өгөөгүй. Харин сар шинийн дараагаас эл шаардлагыг эрчимжүүлж мэдэх аж. Мөн тус намын гишүүд намын Их хурлыг зарлан хуралдуулахыг шаардсаар ирсэн. 2014 оны нэгдүгээр сард МАХН Их хурлаа зарлаж магадгүй гэж байсан ч тодорхойгүй байсаар хоёрдугаар сартай золгоод байна.
Г.НАРАН