Нэг л гоё шинийн хоёрон…

Хуучирсан мэдээ: 2014.02.01-нд нийтлэгдсэн

Нэг л гоё шинийн хоёрон…

Хүүхэд байхад ихэд хөөрцөглөж, цагаан сараар ахиад нэг ч болов айлаар амжаад орчихсон юмсан гэхдээ ахмадуудын үгийг сонсохоос илүүтэй бэлгээ аваад бушуухан гарахын түүс болно. Нуулгүй хэлэхэд, хамгийн гоё бэлэг өгдөг буурайнд хамгийн түрүүнд очин золгох дуртай байдагсан. Санаан зоргоор болдоггүй хорвоод эжийдээ салам загнуулаад чимээгүйхэн хэлснээр нь болдог байж дээ. Ингээд айлд орж авъяасаа үзүүлж байгаад ахиухан бэлэг авахыг бодно. Хүүхэд насанд цээжилсэн цагаан сарын цайны ганц тэр шүлэг одоо хэр нь мартагдсангүй. 

-Цагаан сарын шинийн нэгний өглөө
Цайгаа чанаж, гоёлоо өмсөөд
Тооноор нар тусах үед
Томчууд хүүхдүүд өвөөгийнд цуглаад
Гэр дүүрэн хүмүүс хоорондоо
Гар зөрүүлэн бүгдээрээ золгов
Ажаад байсан чинь аав ээжтэй золгосонгүй
Ах бэргэн эгчтэй золгосонгүй
Авгай нөхөр хоёр хоорондоо золгодоггүй
Ардын ёс байдгийг мэдэж авлаа
Айл гэр болж тоглохдоо
Алимаатай би золгохгүй дээ…
гээд л тогжгор дээлтэй нөхөр түгдэрэлгүй авна даа.

Одоо би ажил руугаа яарч явна. Хаврын тэргүүн сарын шинийн хоёронд харин цас орж байхыг анх удаагаа үзлээ. Малгайлан орох цаснаар томчууд гоёлоо өмчихсөн, хүүхдүүд шинэхэн орсон цасан дээгүүр мөр гарган хөгжилтэй нь аргагүй хөөрцөглөнө.

Харин дэндүү баярлачихсан ах нар тэдний хажуугаар “хөөрхөн шүү багачууд” гээд толгойг нь илээд өнгөрөх бол аав, ээж нь хувцасаа муухай болголоо гэж үглэнэ. Гэхдээ хаа ч очиход харин согтуу хүн харагдсангүй.Сонин, хачин зүйлсээр дүүрэн хүний энэ амьдралд бид хөл нийлүүлэн алхана. Хоосон хэлбэр гэхээсээ илүүтэй удам угсаагаа мэдэлцэн, ам зөрсөн бол эвлэрч, холыг ойртой учруулан золгуулдаг уламжлалт баяраа монгол түмэн сайхан тэмдэглэж байна.

Нас нэмэхийн тоолонгоор улам хэрсүүжин ухаажих мэт. Энэ л өдөр цас ихийг бодогдуулах гэсэн шиг будран буулаа. Хаа нэгтэй хэн нэгний маань удам залгах хүү хорвоод дуу хадаан мэндэлэх ч түүнтэй зэрэгцээн хаа нэгтэй бидний хайрлан хүндэлдэг буурай эсвэл хэн нэгэн чимээгүйхэн буцна. Буцсан, ирсэн алин байвч хорвоогийн жам. Өчигдөр өнөөдрийн эхлэл болохоор өнөөдөр машгаашийн өмнөх нь болохоор хүний амьдрал үргэлжилж хорвоог дэлхий ухаар гэсэн шиг ховор сонин үзэгдлээрээ бидэнд бэлэг барих нь нэн гоёхон. Буурал хорвоо хэмээгч будрах цастай хавар гэх энэ л цэгээс эхлэх мэт. Саатан золгохын ерөөлтэй, сайхан сэтгэлийн илэрхийлэл болохоор тэр биз ээ.

Тийм ээ, бахархал дүүрэн бидэнтэй илчит туяагаа цацруулах наран хавартай золгууллаа. Энэ жилийн эхний төрх идээ ундаа элбэг дэлбэг, тариа ногоо арвин ургаж, мал сүрэг тарган байхыг билэгдэх мэт цас орлоо. Дэвжин дээшлэхийг билэгдэх мэт ургах нарандаа ураг төрөл, амьдрал ахуйгаа даатган хөх монголчууд мэхийн угтлаа.

Омогшил, туурга тусгаар улс гэртэйн бардамнал, Монгол гэдэг бахархал цээжинд бадрах энэ ахуйд сайхан шинэлээрэй…

Л.НАРАНТӨГС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж