
НҮБ Киргизид туслахаар 71 сая ам.доллар цуглуулна гэж тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун энэ сарын 18-ны өдөр мэдээлсэн байна.
Даргын хэлснээр Хүмүүнлэгийн асуудал хариуцсан түүний туслах Жон Холмс (John Holmes) донор болох орнуудтай хэлэлцээр яриаг явуулаад эхэлжээ. Үүний зэрэгцээ Киргизийн дүрвэгсэдийг хүлээн авсан Узбекистанд ч туслахаар ярилцаж байгаа гэнэ. НҮБ-ын Хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн алба CERF (Central Emergency Response Fund) сангаас Киргизид зориулсан найман сая долларыг авахаар тохиролцсон байна.
Киргизийн өмнөд нутгийн үндэстний мөргөлдөөний улмаас 400 мянган дүрвэгсэд байгаа ба тэднээс 75-100 мянга нь Узбект дүрвэн гарсан гэж НҮБ өмнө нь мэдэгдэж байлаа.
Оросын "Интерфакс" агентлаг мэдээлснээр 18-ний шөнө Оросын Онцгой байдлын албаны онгоц Узбекистанд 40 тонн хүмүүнлэгийн тусламж хүргэн очсон байна. Киргизид туслахаар хэд хэдэн орнууд ба хүмүүнлэгийн байгууллагууд шийдснээс АНУ 32 сая ам.долларын тусламжийг үзүүлэх болов.