ОХУ-ын Эрхүү хотноо энэ сарын 26-нд эхэлсэн бөмбөгтэй хоккейн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний медалийн төлөө өрсөлдөх багууд өчигдөр тодорчээ. “А” хэсэгт шилдэг найман багт багтсан бол “В” хэсэгт есөн баг өрсөлдөж буй.
“А” хэсгээс ОХУ, Швед, Финланд болон Казахстаны багууд хагас шигшээд шалгараад байна. Харин “В” хэсэгт өрсөлдсөн Монгол Улсын шигшээ баг тавдугаар байрны төлөө Голландын багтай өнөөдөр тоглож, 2:3-ийн харьцаагаар ялагдал хүлээснээр VI байрт шалгарлаа. Герман (3:1), Украин (7:2), Самоли (12:1) улсын шигшээ багийг хожиж, Японд (2:3) ялагдсан Монгол Улсын шигшээ баг хэсгээсээ хоёрдугаар байраар шалгарсан. Улмаар “В” хэсгийн хагас шигшээд багтахын тулд Унгарын багтай тоглож, 4:5-ийн харьцаагаар ялагдал хүлээснээр тавдугаар байрын төлөө Голландын багтай өнөөдөр тоглолоо. Хэсэгтээ нэг ч хожил аваагүй (Унгар, Эстон, Латви) Голландын баг Японы багт 2:3-ын харьцаагаар ялагдсанаар манай багтай “В” хэсгийн тавдугаар байрын төлөө тоглож, 3:2-ийн харьцаагаар ялалт байгууллаа.
Өнөөдөр болсон тоглолтод Латви Японыг 8:0, Эстон Унгарыг 5:2-ийн харьцаагаар буулган авснаар "В" хэсгийн аваргын төлөө шалгарч байна. Япон, Латвийн шигшээ баг хүрэл медалийн төлөө тоглох юм.
"В" хэсэгт тоглосон манай улсын шигшээ багийн хувьд хагас шигшээд шалгарч, улмаар медаль хүртсэн тохиолдолд ирэх жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд “А” хэсэгт дэвшиж тоглох боломжтой байсан байна. Тэмцээн хоёрдугаар сарын 2-нд өндөрлөнө.