Харин би боддог юм, “цагаан сар”-ын яг юу нь гоё вэ, гэж. Магадгүй ингэж бодоод байдаг нь миний мэргэжилтэй холбоотой байх. Орчуулагч хүн бол хүний баяр хөөр, уйтгар гуниг, сэтгэл зүрхэндээ мэдэрч байгаа бүхнийг зөв дамжуулах үүрэгтэй. Тэгээд л бодоод байдаг юм. Цагаан сарын хамгийн гоё нь миний бодлоор, одоо юу гэмээр юм бэ дээ, “уур амьсгал” гэх юм уу даа. Битүүний орой, бүгдээрээ нэг л юмыг хүлээгээд л, хүүхэд багачууддаа ширээгээ ингэж засдаг юм, махаа ингэж тавьдаг юм шүү дээ, гэж зааж ойлгуулаад л, за тэгээд ширээгээ тойрч суучихаад, бөхөө үзээд л, битүүлж байх үедээ монгол хүний мэдэрч байгаа тэр баяр баясал, маргааш нь өглөө эрт босоод ахан дүүсээрээ уулзалдан золгон шинэлж байгаа тэр “уур амьсгал” баяр хөөр л хамгийн гоё нь байх. Хоол унд, хувцас хунараас илүүтэйгээр монгол хүний сэтгэл зүрхэнд булгилж байгаа тэр мэдрэмж. Яг ийм баярт мөчид монголчуудын мэдэрч байгаа давтагдашгүй өвөрмөц баясал цэнгэл, бахархал сэтгэгдлийг гадаад хүнд ойлгуулахад их хэцүү. За тэр, бууз ууц, айраг цагаа гэх мэт идээ будаа, түүнчлэн, цагаан сарын хувцас ёслолоо бэлтгэх, өмсөж зүүж байгаа, хөөрөг барин мэндчилж байгаа, золгож байгаа зэргийг гадаад хүнд яаж ийж байгаад тайлбарлаад ойлгуулчихна. Тэхдээ фб найз нар минь намайг буруугаар ойлгочихвоо, би “энэ их хэцүү байна, орчуулах гэхээр болохгүй байна” гээд гомдоллоод байгаа юм биш. Эсрэгээрээ, ийм өвөрмөц, тухайн ард түмэн л өөрөө мэдэрдэг сайхан баяр учраас гадны хүнд тэр мэдрэмжийг дамжуулж мэдрүүлэх гэж эерэг утгаар “гоё зовдог” гэдгийг л хэлэх гэж нуршаад байгаа маань энэ.
Хэдхэн хоногийн өмнө Монголд ажилладаг нэг япон хүнтэй уулзлаа. Цагаан сарын тухай ярилцав. Би хэллээ, манай цагаан сар их нүсэр баяр шүү, айл хунараар хэсээд л, айраг бууз гээд л, гэж. Тэгсэн чинь нөгөө япон хүн хэлж байна аа, “харин зүгээр ш дээ, манай Японд одоо л өөр болчихоод байгаагаас биш, тавь жаран жилийн өмнө бол яг танайхан шиг л хамаатан саднаараа хэсэцгээдэг байсан. Би Монголд олон жил ажилласан учраас монголчуудыг ойлгодог, цагаан сарыг сайхан баяр гэж боддог, монголчуудад зарим талаар атаархдаг” гэсэн шүү. Энэ япон хүн цагаан сараар монголчуудын мэдэрдэг тэр баяр хөөр, баясал цэнгэлийг мэддэг хүн байна. Үүнтэй дам холбоотой нэгэн жишээ хэлье. Тээр жил Японоос нэгэн томоохон компанийн эзэн захирал хүн Монголд ирсэн юм. Эзнийг монгол айлаар оруулж монгол ахуйтай танилцуулах үүрэг хүлээлээ, орчуулагч би. Нэг айлд аваачлаа. Олон хүүхэдтэй айл бужигнаад л, хоол цай болоод л, басчгүй, дуу хуур татаад л сайхан байлаа. Захирал баяртай байна гэж жигтэйхэн. Орчуулагч би ажил амжилттай болсонд ч бас баяртай гэж жигтэйхэн. Гэтэл япон захирал гэнэт нулимс унагаж байна аа. Тэгээд асуусан чинь “би нэг дүүтэй, тэр маань одоо хаана байгааг мэдэхгүй, энэ айлын ах дүү олон хүүхдүүдийг хараад, бас нэг нэгэндээ санаа зовж байгааг хараад, өөрийн эрхгүй нулимс минь гарлаа” гэж байв. Энэ захирал нэг дүүтэй юм байна, Японд айлын том нь гэрийнхээ үе залгамжлагч болж өв хөрөнгөө авч үлддэг, дүү нар нь өөрийн чадлаар орон гэрээ төвхнүүлдэг уламжлалтай. Тэгээд л дүү нь гэнэт “нэгэнт өөрөө өөрийнхөө амьдралыг босгох ёстой юм бол би энд байгаад байх хэрэг алга” гэж хэлээд, гэрээсээ гарч яваад ор сураггүй болсон юм байна. Японыхоо хаа нэгтээ аж төрж байгаа байх л даа. Захирал хөрөнгөтэй мөнгөтэй сайн явж байгаа болохоор дүү нь өөр дээр нь ирвэл байдгаараа туслана даа, гэж боддог хэдий ч дүү нь огт ирээгүй юм байна. За тэгээд олуулаа бужигнасан монгол айлыг хараад л сэтгэл нь хөдөлж л дээ. Үнэхээр, манайхан өөрийгөө яая гэж байж дүү нь, эсвэл ах нь ханиад хүрэх юм бол хүнээс мөнгө зээлээд ч болов эм аваад гүйцгээдэг, нэг тийм, сайхан гэх үү дээ, юм шиг зан байдаг.
Цагаан сар бол иймэрхүү, ахан дүүсийн, анд нөхдийн холбоо хэлхээ, нөхөрлөл дотнослыг бэхжүүлэх сайхан баяр мөнөөс мөн. Ахмад буурлууд хүртэл бэлгээ хадгалчихаад л “нөгөө хэн ирээгүй байна, ирэх л ёстой доо” гээд, ирэх ёстой хүмүүсээ хуруу даран тоолоод суудаг. Бараг дөчөөд жилийн өмнө би Москвад сурч байхдаа орос багшдаа “та Монголын цагаан сараар танихгүй айлд орсон ч бэлэг авна” гэсэн чинь багш маань огт итгэж өгөхгүй байсныг санаж байна. Ингээд бодоход танихгүй хүнд хүртэл бэлэг өгдөг “сонин” баяр дэлхийд Монголоос өөр газар байна уу? Цагаан сарын талаар хүн болгонд өөр өөрийн сайхан дурсамж бий, яг ийм учраас л цагаан сар гоё, гэж хэлэх шалтгаан тайлбар бий.