“Дулааны цахилгаан станц-4” төрийн өмчит хувьцаат компанийн тоног төхөөрөмжийг сайжруулан уурын турбинуудын тохируулгын системийг электрон-гидравлик системээр сольж шинэчлэх төслийг Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын хөнгөлөлттэй зээлд хамруулахаар тохиролцжээ. Хөнгөлөлттэй зээлийн нийт хэмжээ нь 42.5 сая ам.доллар бөгөөд энэ мөнгийг жилийн 0.3 хувийн хүүтэйгээр 40 жилийн хугацаанд буцаан төлнө. Үүнээс эхний 10 жилд нь өрийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэйгөөр зарцуулахаар зээлийн гэрээний төсөлд тусгажээ. Төслийг 2017 онд хэрэгжүүлж дуусгах гэнэ. Төслийн хүрээнд IV цахилгаан станцын зуухнуудад үнс үлээлгийн төхөөрөмж суурилуулах юм байна. Ингэснээр зууханд хэрэглэх нүүрсний хэмжээ багасаж, нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулах аж.
О.САР