Хуучирсан мэдээ: 2010.06.20-нд нийтлэгдсэн

Нэг хурим, хоёр хурим

ФОТО: OMMYGOD.COM

Жүжигчид Харрисон Форд ба Меган Фокс нар өөрсдийгөө гэр бүлийн харилцаанд уяхаар шийдэцгээв. Гэхдээ хоорондоо биш л дээ. Гэсэн ч алс Америкийн уран бүтээлчийн төлөө баярлахаас өөр яахав.
Фордын хувьд гэрлэлт нь гурав дахь удаагаа болно. Индиан Жонсын ба алс холын харь гаригийн оддын дайнаар олны танил болсон 67 настай жүжигчин 2002 онд танилцсанаасаа хойш хамт амьдарч ирсэн 45 настай Калиста Флокхардтай гэрлэлтээ албан ёсны болгохоор шийдсэн байна. Тэд Флокхардын өргөмөл хүүхдийг хамт хүмүүжүүлж байгаа.
Нью-Мексико мужийн Санта Фе хотод тэдний гэр бүл болох албан ёсны ёслол боллоо. Мужийн захирагч өөрөө биечлэн тэр арга хэмжээг явуулжээ. Форд одоо уг мужид киноны зураг авалтаа хийлгэж байгаа учраас ийм сонин газрыг сонгосон ажээ. Хамтын амьдралынхаа өмнөх жилүүдэд яагаад гэрлэлтээ бүртгүүлээгүй талаар ямар нэг мэдээлэл байхгүй.
Меган Фоксийн хувьд арай ээдрээтэй. “Беверли-Хиллз, 90210” олон ангит киноны од, жүжигчин залуу Брайан Остин Грин гурван жилийн өмнө түүнтэй гэрлэх саналаа тавьсан гэдэг. Тэр үед зарим нэг саад гарч сүй тавих ёслолыг болиулсан байлаа. Гэхдээ тэд салаагүй уулзсаар явж иржээ. Залуу их шургуу тэвчээр гаргаж байж, Фоксийг Хавайн аралд авчран далайн эрэгт дахин гуйж, хоёр каратын очир алмаазтай хуримын бөгжөө гардуулжээ. Жүжигчин бүсгүй түүнийг нь элсэнд гээгээд эргээд олсонгүй. Тэр үеэр Гриний сэтгэл ямар байсныг мэдэхгүй. Харин гэм хийсэндээ гэмшсэндээ ч юм уу эсвэл залуугийн тэвчээрийг үнэлээд ч юм уу Меган эхнэр нь болохыг зөвшөөрсөн гэнэ. Гэхдээ хуримын тов зарлагдаагүй л байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж