XVII жарны “Ялгуусан” хэмээх модон морин жилийн сар шинийн баярт зориулсан хүчит 256 бөхийн барилдаан Монгол Бөхийн өргөөнд эхэллээ. Энэ жилийн Цагаан сарын барилдаанд Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат Монгол Улсын аварга С.Мөнхбат, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Монгол Улсын аварга Г.Эрхэмбаяр, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат Улсын арслан Д.Ганхуяг, Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат Улсын гарьд И.Доржсамбуу, Завхан аймгийн Их-Уул сумын харьяат Улсын гарьд Б.Гончигдамба, Говь-Алтай аймгийн Цээл сумын харьяат Улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ, Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат Улсын заан М.Өсөхбаяр, Архангай аймгийн Хашаат сумын харьяат Улсын заан Ч.Санжаадамба, Булган аймгийн Сайхан сумын харьяат Улсын харцага, олимпийн алт, мөнгөн медальт Н.Түвшинбаяр тэргүүтэй бөхчүүд барилдахаар болсон байна.
Цагаан сарын шинийн нэгэнд зориулсан үндэсний бөхийн барилдаан анх 1963 онд “Малчдын баяр” нэрээр гараагаа эхэлж байсан.
Эдүгээ 51 дэх жилдээ золгож буй тус барилдааныг 1991 оноос эхлэн Цагаан сарын шинийн нэгэн буюу сар шинийн баярт зориулсан үндэсний бөхийн барилдаан нэртэй болгосон байна.
Тус барилдаанд XX зууны манлай аварга Б.Бат-Эрдэнэ 13, дархан аварга Х.Баянмөнх найм, дархан аварга Ж.Мөнхбат зургаан буюу хамгийн олон удаа түрүү авсан бөхчүүдийг тэргүүлж байгаа.
Мөн улсын харцага Ч.Өвгөнхүү, улсын заан Ч.Санжаадамба, аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар (аймгийн арслан цолтойдоо) нар нэг удаа түрүүлж байв.
Б.БИЛЭГ