Хүүхэд чухал уу, уламжлал чухал уу?

Хуучирсан мэдээ: 2014.01.30-нд нийтлэгдсэн

Хүүхэд чухал уу, уламжлал чухал уу?

Битүүн, цагаан сарынхаа өдөрт бэлдээд нэлээд олон жиргээчид твиттер рүүгээ орж ирсэнгүй. Гэвч гэрийн ажлаас зугтдаг, ажлынхаа дундуур жиргэдэг хэдийн хувьд их ажлын хажуугаар жиргэцгээхээ мартсангүй.

Энэ өдрийн хувьд хамгийн ихээр анхаарал хандуулсан сэдэв нь өвлийн морин уралдааны тухай байв. Засгийн газрынхан маань өвлийн улиралд морин уралдаан хийхгүй гэж байсан ч “Дүнжингарав-2014 ” төвийн бүсийн уралдааныг хоёрдугаар сарын 23-нд Хүй долоон худагт хийхээр болж холбогдох засаг дарга, Монголын морин спорт уячдын холбоонд даалгавар өгснийг Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээлсэн байв.

Үүнтэй холбоотой шүүмж жиргээнүүд ар араасаа хөвөрсөн юм. Өнгөрөгч жилийн өвлийн уралдаанд 10 гаруй хүүхэд унаж, мориноос унасан нэг хүүхэд машинд дайруулж амиа алдсан зэрэг гашуун дурсамжийг сэргээж ярив.

Мөн “2013 онд 635 уралдаанд 57038 хүүхэд морь унасан. 958 хүүхэд мориноос унасан. 916 хөнгөн, 34 хүндэвтэр, 4 хүүхэд хүнд гэмтсэн, 6 хүүхэд эндсэн байна”

“Морин жилдээ мориноос хүүхдээ унагаж алдахгүйн төлөө тал бүртэ чармайцгаая! Хүүхдийн амьтай тэнцэх хөөр баяр гэж үгүй”

“Морь уралдуулах нь бидний уламжлал, ёс заншил л байх. Гэхдээ хүүхдийг хөсөр хаяад л нөгөөхөө эхлүүллээ дээ, арай ч дээ”

Баячуудад, морины хорхойтнуудад бол хүүхэд сонин биш шүү дээ морь морь гээд л ухаанаа алддаг гарууд.

Морь нь витамин, сэргээш шахуулаад галзуурсан адгуус болчихоод байхад хүүхдээр унуулчихна. Хүүхэд нь морьныхоо амыг дийлэхгүй зовно.

Хүүхэд морь унаж уралдах буруу биш. Гагцхүү хүүхэд гэмтэх, амь насаа алдах юм бол морины эзнийг эрүүгийн хариуцлагад татдаг байх л ёстой.

Уралдмаар байвал өөрсдөө уулын орой руу уралд л даа, хүүхэд морь зовоолгүй. Ууланд гарахад ч хийморь сэргэдэг юм шүү дээ.

Жилд 129 хүүхэд эрэмдэг. 9 хүүхэд үхүүлэн байж морь уралдуулах ямар хэрэг байнаа..монголчууд хэдүүлээ билээ дээ..” гэж байв.

Ийнхүү анхандаа олон нийтийн шаардлагаар өвлийн уралдааныг зөвшөөрөхгүй гэж байсан ч Засгийн газар гэнэтхэн л зөвшөөрч орхисон нь юуных юм бол хэмээн жиргээчид хөөрөлдөж байна. Үнэхээр л морин уралдааныхан лоббигоо ийм сайн хийсэн шигээ хэдэн унаач хүүхдийнхээ талаар жаахан анхаарал хандуулдаг болчихвол ч. Цахим болжмор нь нэг л зүйлийг бодоод байна. Уламжлал чухал уу, хүүхэд чухал уу.

Цахим Болжмор
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж