УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаад завсарлалаа. Ингэснээр өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өндөрлүүлээд байна. Харин хэлэлцээрийг дэмжих эсэх асуудлаар санал хураалтыг УИХ-ын чуулганы маргаашийн хуралдаанаар хийх болж байна.
УИХ-аар дээрх хэлэлцээрийг соёрхон баталсан нөхцөлд Монгол Улс чөлөөт худалдааны гэрээнд нэгдэх эхний алхамаа хийх аж. Энэ хүрээнд чөлөөт худалдаанд элсэхийн өмнөх нөхцөлд заасан ил тод байдлыг хангахаа энэхүү хэлэлцээрийн хүрээнд хангах үүрэг хүлээж буй юм байна.
Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүд “Энэхүү хэлэлцээрийн төслийн хэл найруулга муу, хүн ойлгохын эцэсгүй, төслийг уншаад гутарч байна. Гадаад харилцааны яамныхан ажлаа олигтойхон хийх ёстой” гэх анхааруулга өгсөн юм. Мөн Эдийн засгийн хөгжлийн яам бодлогоо тодорхойлох шаардлага байна гэдгийг ч гишүүд санууллаа.
Г.ДАРЬ