Монголд гандболын олон улсын тэмцээн болно

Хуучирсан мэдээ: 2014.01.29-нд нийтлэгдсэн

Монголд гандболын олон улсын тэмцээн болно

Монгол Улсад анх удаагаа 2014 онд Гандболын  олон улсын тэмцээн зохиогдох гэж байна. Тэмцээн Улаанбаатар хотноо  2014 оны дөрөвдүгээр сарын 14-20-ны өдрүүдэд  Буянт-ухаа спортын ордонд болох юм. Тэмцээнийг  Олон улсын гандболын холбоо (ОУГХ), Азийн гандболын холбоо (АГХ),  Монголын  гандболын холбоод (МГХ) хамтран зохион байгуулахаар бэлтгэл ажлаа эртнээс хангаж эхлэжээ.

Тэмцээнд БНАСАУ, Хятадын Тайвань, Хонгконг, Макао, Вьетнам, Монгол зэрэг зургаан оны эмэгтэй, эрэгтэй  нийт 12 багийн  300 орчим төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцно. Энэхүү тэмцээн нь залуучуудын  насны ангилалаар явагдан эрэгтэй 1994 он, эмэгтэй 1995 оноос доош төрсөн залуу тамирчид оролцох эрхтэй юм.
 
Одоогоор Хятадын Тайвань, Хонгконг, Вьетнам, Монголын баг тамирчид нэрсийн мэдүүлгээ ОУГХ, Монголын гандболын холбоонд ирүүлсэн бөгөөд  БНАСАУ, Макао улс  дотооддоо баг тамирчидаа сонгон шалгаруулж байна. Удахгүй нэрсийг ирүүлнэ.

Олон улсын гандболын холбооны цомын төлөө тэмцээний үеэр олон улсын шүүгч нарын сургалтыг ОУГХ, АГХ-ны сургагч багш нар удирдан явуулна. Энэ тэмцээнд Монгол улсаас нэг хос шүүгчдийг шалгаруулан олон улсын тэмцээнийг шүүж явуулах эрх өгчээ.

Монгол улсаас оролцох баг тамирчдын бэлтгэл сургалтын үйл ажиллагаа өнгөрсөн оны сүүлчээс эхлэн үргэлжлэн явагдаж байна. Монголын тамирчдыг 2013 онд болсон залуучуудын болон улсын  аварга  шалгаруулах  тэмцээнээс сонгон шалгаруулсан бөгөөд 2014 оны  эхээр зохиогдох  залуучуудын,  оюутны  УАШТэмцээнд сайн тоглосон зарим тамирчдыг ч нэмж оруулах юм. 

Энэхүү тэмцээнийг Монгол улсын Засгийн газрын 2013 оны 09 дүгээр сарын 21-ны өдрийн 325 тоот  тогтоолоор явуулах шийдвэрийг гаргажээ. Удахгүй Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас шийдвэр гарган  тэмцээний Зохион байгуулах хороог байгуулна. Одоогоор Монголын гандболын холбоо тэмцээний бүхий л бэлтгэл ажлыг хийж, олон улсын байгуулага болон тэмцээнд ирэх орны гандболын холбоотой хамтран холбогдох ажлуудаа явуулж байгаа ажээ.

МОНГОЛЫН ГАНДБОЛЫН ХОЛБОО
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж