УИХ-ын ТББХ, Нутгийн удирдлагын дэд хороо, ТББХ-ны Ажлын алба, Хэнтий аймгийн ИТХ-ын Ажлын албанаас хамтран зохион байгуулсан энэ арга хэмжээнд УИХ-ын хоёр байнгын хороо, нэг дэд хорооны дарга нар (ТББХ-ны дарга А.Бакей, тус хорооны гишүүн бөгөөд Өргөдлийн байнгын хорооны дарга Р.Бурмаа, Нутгийн удирдлагын дэд хорооны дарга Д.Батцогт), УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар нарын бүрэлдэхүүнтэйгээр оролцсоны дээр олон улсын болон төрийн бус байгууллагын төлөөлөл ч өөр өөрсдийн чиглэлээр мэдээлэл хийсэн юм.
Сургалтыг нээж УИХ-ын ТББХ-ны дарга А.Бакей хэлсэн үгэндээ саяхан болж өнгөрсөн аймгийн 90 жилийн ойн баярын мэнд дэвшүүлж, нутгийнхаа зон олны итгэлийг хүлээн, орон нутгийн Хурлын сонгуульд ялалт байгуулан ажиллаж буй ИТХ-ын төлөөлөгчдөд баяр хүргэн ажлын амжилт хүслээ. Тэрбээр 2013 он бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль амжилттай болж өнгөрсөн, УИХ, Засгийн газар, орон нутгийн байгуулллагууд шинээр эмхлэгдэн байгуулагдсан үйл ажиллагааны гарааны жил гэдгээрээ онцлог жил болохыг тэмдэглээд Монгол Улсын Засгийн газрын болон орон нутгийн Засаг дарга нарын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрүүд батлагдаж, хэрэгжүүлэх ажилдаа ороод байгаа, эдгээр хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэх хүмүүстэй уулзаж, цаашид хийх ажлынхаа талаар ярилцахаар шийдвэрлэсэнээ мэдэгдсэн юм.
“УИХ-аас сүүлийн жилүүдэд баталсан олон хууль орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх, түүний бие даасан байдлыг хангахад чиглэгдэж байгаа”-г А.Бакей дарга онцлоод “Төвлөрлийг сааруулахын ач холбогдол нь шийдвэр гаргах, үйлчилгээ зохион байгуулах эрхийг нь орон нутагт өгч, хүнд суртлын бус, уян хатан тогтолцоо бүрдүүлэх, иргэдийн сонирхлыг хангасан, тэдэнд ойр засаглал бэхжүүлэх үндэс болдог гэж үзэж байна. УИХ-аас НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хоёр төсөл хэрэгжүүлж буйн нэг нь Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг сайжруулах, орон нутаг дахь УИХ-ын үйл ажиллагааг сурталчлах төвийн ажиллагааг сайжруулахад чиглэж байгаа, Хэнтий аймгийн хувьд энэ чиглэлээр зүүн бүсийн жишиг аймаг болгохоор зорьж байгаа"-г сургалтанд оролцогчдод дуулгалаа.
Сургалтанд аймгийн ЗДТГ-ын ажилтнууд, ИТХ-ын төлөөлөгчид, Хэрлэн, Мөрөн, Жаргалтхаан, Цэнхэрмандал сумдын ИНХ-ын тэргүүлэгчид, багийн засаг дарга нараас бүрдсэн 70 орчим хүн оролцож, “Орон нутгийн шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх арга зам, аргачлал”, “Аймаг, сумын ИТХ-ын үйл ажиллагааг тогмолжуулах нь”, Орон нутгийн хурлын байгууллага, ЗДТГ-ын үйл ажиллагааны уядаа холбоо”, “Хурлын байгуулалтын хяналтын үйл ажиллагааг дээшлүүлэх нь” сэдвээр шинэ сэргэг мэдээлэл авсан юм. Оролцогчид төрөөс батлан гаргасан хууль тогтоомжийг орон нутагт хэрэгжүүлэхэд тулгарч буй бэрхшээл, тулгамдсан асуудлуудынхаа талаар УИХ-ын гишүүд, Ажлын албаныхантай илэн дпалангүй ярьж, санал бодлоо хуваалцан зөвлөлдөж байв. Тэд мөн орон нутгийн удирдлагыг зохих ёсоор хэрэгжүүлэх явцад үүсээд байгаа нөхцөл байдалд шүүмжлэлтэй хандаж “Хөдөө орон нутагт улс төржилт, намчирхал хэрээс хэтэрч аймаг, сумдын иргэдийн хурал намуудын байлдааны талбар болсон”, “УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр хавсран ажилласнаар хууль тогтоох, гүйцэтгэх засаглалын зааг ялгаа мэдэгдэхээ больсон”-д санаа зовж явдгаа илэрхийлж, Үндсэн хууль, Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн тухай зэрэг хуулиудад зайлшгүй өөрчлөлт оруулах асуудлыг дэвшүүлэн тавьж байлаа. Тухайлбал, 1992 оны шинэ Үндсэн хуулийг батлалцаж явсан ахмад багш С.Ганболд 2000 онд Үндсэн хуульд оруулсан 7 өөрчлөлтөд эмзэглэж явдгаа яриад сум, дүүргийн засаг дарга нарыг намуудаас нэр дэвшүүлж бус, иргэдээс шууд сонгож байх, тэр засаг дарга нь багийн засаг дарга нараа сонгодог болох талаар Р.Гончигдорж нарын гишүүдийн санаачилсан хуулийн төсөл орон нутагт газар аваад байгаа намчирхал, улс төржилтийг зогсооход нэн хэрэгтэй төсөл байсан ч цааш явж чадаагүйд харамсаж байгаагаа илэрхийлсэн юм. Иргэдийн төлөөлөгчид мөн Эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын хуулиудын хэрэгжилт, малчдыг даатгалд хамруулах асуудлыг хөндөж, сонирхсон зарим асуудлаараа төрийн түшээд, ажлын албаныхнаас тодорхой хариулт авлаа.
Эзэн Чингис хааны өлгий нутагт хоёр өдөр ажилласан гишүүд, Ажлын албаныхан хичээл сургалтынхаа завсраар Өндөрхаан хотын шинэ бүтээн байгуулалт, түүх дурсгалын газруудтай танилцаж, 1189 онд Хамаг Монгол Улсыг нэгтгэн Чингис хаан ор суусан байгалийн үзэмж төгөлдөр Харзүрхний Хөх нуурын эрэгт малгайн утаа сэргээлээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.