&#34Тамхины тухай хуулийн хэрэгжилтэд үнэлгээ хийх хэрэгтэй&#34

Хуучирсан мэдээ: 2013.03.11-нд нийтлэгдсэн

&#34Тамхины тухай хуулийн хэрэгжилтэд үнэлгээ хийх хэрэгтэй&#34

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль өнгөрсөн оны сүүлээр батлагдсан ч Монгол Улсын сонгуулийн нэгдсэн хуулийн төслийг боловсруулж эхлээд байгаа юм. Энэ талаар УИХ-ын гишүүн Р.Бурмаатай ярилцлаа.

-Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийг гаргаж байгаа гэсэн. Ямар учраас хуулиудыг нэгтгэх болов?

-Аймаг, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчид, УИХ, Ерөнхийлөгч гээд  сонгуулийн хууль тус, тусдаа байсан. Тиймээс эдгээр хуулийг нэгтгэх үүднээс дээрх хуулийн төсөл боловсруулж байна. Сонгууль гэдэг маань өөрөө процесс. Процессыг зохицуулсан зохицуулалт дөрвөн хуульд өөр, өөр байна. Өөр байгаагаас болж зөрчил гардаг. Тухайлбал, нэрсийн жагсаалтыг хэн гаргах вэ гэхээр дөрвөн хуульд өөр, өөрөөр заасан. Сонгогчийн тоо  2004 онд 130, 2008 онд 286 мянгаар зөрж байна. Яагаад ийм зөрчил гарсан  гэхээр гурван өөр байгууллага нэрсийн жагсаалтыг гаргасан байгаа юм. Тийм учраас нэгдсэн хуульд иргэний бүртгэлийн газар л зөвхөн нэрсийн жагсаалтыг гаргана, өөрчилнө гэж оруулахаар боловсруулж байна. Үүнийг хэн нэгэн өөрчлөхгүй. Хэрвээ нэрсийн жагсаалт буруу гарах юм бол тэр хариуцлагыг иргэний бүртгэлийнхэн л хариуцана. Тэнд хэсгийн хороо, Сонгуулийн хороо ч оролцохгүй.  Мөн сонгуулийн үеэр маргаан гарлаа гэхэд дөрвөн хуульд бас өөрөөр заасан. Энэ бүхнийг нэгтгэж хуулийн өөр өөр заалтуудыг нэг болгоно. Гэхдээ сонгуулийн онцлогоос хамаараад өөр шаардлагууд бас байгаа. Жишээлбэл, Ерөнхийлөгчид нэр дэвшигч 45 нас хүрсэн, эх орондоо сүүлийн таван жил амьдарсан, уугуул иргэн байна. Гэтэл УИХ-д 25 нас хүрсэн гэх мэт шаардлагууд байгаа. Нэгдсэн зохион байгуулалт нь нэг явж ирээд бусад зүйлүүд нь өөр байна гэсэн үг.

-Дээрх хуулийн төслүүдийг нэгтгэх тал дээр гадаадын орнуудын туршлага ямар байдаг юм бол. Хуулийн төслийг боловсруулах явцад намуудын саналыг хэрхэн тусгаж байгаа вэ?

-Олон улсад сонгуулийн нэр томъёо нь нэг ойлголттой байдаг юм билээ. УИХ-ын сонгууль дээр  холимог хэлбэрээ хадгалъя гэсэн чиг хандлагатай байгаа. Орон нутгийн сонгууль дээр ямар хэлбэрээр явагдахыг бас ярилцана. УИХ-д суудалтай, суудалгүй намууд, иргэний нийгэм, сонгогчдыг төлөөлж ажиллаж байгаа судлаачдын саналыг авна. Хуулийн төсөл дээр ажиллах ажлын хэсгийнхэн эхний хуралдаанаа хийсэн. Мөн Төрийн бус байгууллагууд, судалгааны байгууллагуудаас саналыг нь авахаар захидал явуулсан байгаа. Өнгөрсөн сонгуулиар ажигласан болон нэмэлт саналуудыг нь авна. Бичсэн хуулийн төсөл дээр санал авах биш эхлээд саналаа аваад хуулийн төслөө бичнэ. Боловсруулсан хуулийн төсөл дээрээ дахин хэлэлцүүлэг явуулна.

-Дараагийн УИХ-ын сонгууль болтол бас нэлээдгүй хугацаа байна. Сонгуулийн хуулийн талаар ярихад эрт юм шиг санагдаж байна л даа?

-Энэ хуулийн төслийг яагаад ингэж эрт ярьж байна вэ гэхээр сонгууль ойртоод ирэхээр хууль боловсруулахад явцад “Би хэрхэн яаж буцаж сонгогдох вэ” гэдэг нүдээр хуулийн төслийг хараад байдаг учраас төвөгтэй байдаг. Тэгэхээр аль болохоор эрт  сонгуулийн хуулиа батлах нь зүйтэй.

-Зарим нам эвслийн зүгээс Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг “Одоогийн Ерөнхийлөгчид давуу үйлчлэх хууль боллоо” гэсэн хардлага байх шиг байна?

-“Өөрийнхөө хэр хэмжээгээр бусдыг дүгнэдэг” гээд нэг үг байдаг даа. Өөрсдөө өмнө нь тэгж хийж байсан юм уу гэж бодогдохоор байна. УИХ-ын сонгуулийн хуулийн төслийг боловсруулж байх үед Ардчилсан намын захиалгаар сонгуулийн хуулийн төсөл дээр ажиллаж байсан. Тэгэхээр энд байгаа заалтуудаас нэлээд хэд нь Орон нутгийн сонгуулийн хуульд суурилж орж ирсэн. Мөн Орон нутгийн сонгуулийн хуулийг хийхэд хялбар байсан. Яагаад гэвэл УИХ-ын сонгууль дээр ажилласан байсан. Ерөнхийлөгчийн сонгуулийн хууль дээр ч сайжруулах шаардлагатай зүйлүүдийг оруулаад хийсэн. Цаг хугацааны хувьд бага хугацаанд хийсэн. 21 хоногийн дотор боловсруулаад батлуулах үүрэг авсан. Энэ үйл явц хаалттай байгаагүй нээлттэй байсан. Тухайн үед ажлын хэсэгт аль аль намаас орсон. Бид дангаараа хуулийн төсөл хийгээд батлуулсан юм биш. Яг энэ заалт одоогийн Ерөнхийлөгчид зориулсан гээд хэлсэн юм алга. Сонгуулийн хуулиар бол сонгуульд нэр дэвшиж байгаа хүмүүсийн тэгш байдлыг хангахын тулд нэр дэвшигчдийг төрийн хамгаалалтад адилхан авна гэж байгаа. Сонгуульд нэр дэвшигч болсноос нь хойш төрийн албан хаагч, төрийн эх үүсвэрийн сонгуулийн сурталчилгаанд  ашиглахгүй  гэх мэт заалтууд байгаа.

-“Шударга ёс” эвслийнхэн АН-тай хамтран засаг байгуулсан. Гэтэл МАХН нь МАН хамтарч Ерөнхийлөгчийн сонгууль оролцох асуудал яригдаж эхлээд байна л даа. Та үүн дээр ямар байр суурьтай байна вэ?

-Сонгуульд парламентад суудалтай намууд эвсэж, суудалгүй намууд дэмжиж болохоор байгаа.  Хамтарсан Засгийн газарт орохдоо гэрээнд юу гэж тусгасан байна. Энэ нь өөрөө улс төрийн соёл л доо. Хэрвээ энэ гэрээгээ зөрчвөл яах вэ гэдэг нь хуульд заасан байгаа. Тэгэхээр энэ асуудлаа мэдэж байгаа байх гэж бодож байна. Гэхдээ яг МАН, МАХН хамтарч сонгуульд оролцоно гэсэн хүмүүсийн таамгийг албан ёсны мэдээ биш болохоор тайлбарламааргүй байна.

-Энэ сарын 1-нээс Тамхины хяналтын тухай хууль хэрэгжиж эхэллээ.  Торгууль өндөртэй хатуу заалтуудтай хууль хэдий ч хяналт тал дээр анхаарах шаардлагатай нь харагдаж байна. Тэгэхээр энэ хуулийг бүрэн утгаар нь хэрэгжихэд ямар зүйл дээр анхаарах хэрэгтэй вэ?

-Хэрэгжиж эхэлснээс хойш цөөхөн хоног өнгөрлөө. Тэгэхээр одоохондоо дүгнэлт хийхэд эрт байна. Гэхдээ бид хуулийн хэрэгжилтэд  нэг үнэлгээ хийх хэрэгтэй. Хуулийг хэрэгжүүлэх ёстой байгууллага, сургуулийн багш нар болон хүүхдүүдээс санал авах хэрэгтэй. Хориглосон газруудад хуулийн хэрэгжилт ямар байна, хариуцлага хэрхэн тооцож байна гэх үнэлгээг хийх хэрэгтэй байх. Ерөнхийдөө хуулийг таниулж, ойлгуулах хэрэгтэй байна. Зарим хүн нь эргэн тойрноо харж байгаад татчихаж байгаа, мөн энэ хуулийг хэрэгжиж эхэлснийг мэдээ ч үгүй хүмүүс байгаа.

-Танай байнгийн хороо иргэдэд хамгийн ойр ажилладаг. Тэгэхээр иргэдээс хамгийн их ирж байгаа санал гомдлууд юу байна вэ?

-Хамгийн их ирж байгаа нь байр орон сууц гэх мэтийн хувийн хүсэлтүүд байдаг. Энэ нь УИХ-ын бүрэн эрхэд хамаарахгүй зүйл л дээ. Тэгэхээр өгөх ёстой хүндээ өгөхгүй, танил талдаа өгчихлөө гэвэл энэ нь өөрөө УИХ-ын анхаарах асуудал. “Шууд надад байр өгөөч” гэх өргөдлийг хаана хэнд нь яаж хандах вэ гэдэг зөвлөмжүүдийг өгч байгаа. Хүмүүс хаана, юу шийдэж болдгийг бас сайн мэдэхгүй учраас УИХ-ын нэг гишүүнд хандаад үзье гэсэн бодолтой байдаг юм шиг байна л даа. Бид дандаа зөвлөмжүүд өгч байгаа. Тодорхой хуулиуд дээр ийм ийм өөрчлөлт оруулмаар байна гэсэн саналуудыг хуулийн төсөл дээр ажиллаж байгаа хүмүүст нь өгч байна. Мөн ялын бодлого хүнд байна гэсэн гомдол хоригдлуудаас ирсэн захидлын дагуу бид судалгаа хийж байна. Тэгэхээр бид хуулийн хэрэгжүүлдэг байгууллагуудтай уулзаж хоригдлуудаас ирсэн гомдлын дагуу судалгаа хийж байгаа. Үүний дагуу хэлэлцүүлэг хийнэ. Ингээд хуулийн төсөл боловсруулах шаадлагатай бол үүн дээр ажиллана. 

П.НАНСАЛМАА

Эх сурвалж: www.info.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж