Элчин сайд Г.Тийдеманн-тай УИХ-ын даргын хамт уулзлаа

Хуучирсан мэдээ: 2013.10.28-нд нийтлэгдсэн

Элчин сайд Г.Тийдеманн-тай УИХ-ын даргын хамт уулзлаа

ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Тийдеманн-тай УИХ-ын даргын хамт уулзлаа

Улсын Их Хурлын дарга З.Энхболд ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Тийдеманныг өнөөдөр /2013.10.28/ хүлээн авч уулзлаа. Уулзалтад УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга, Монгол-Германы парламентын бүлгийн дарга Р.Бурмаа болон албаны бусад хүн байлцав.

Уулзалтын эхэнд Элчин сайд Г.Тийдеманн УИХ-ын даргад цаг зав гаргаж хүлээн авч уулзсанд нь талархал илэрхийлээд өөрийнхөө тухай товч танилцуулсан юм. Тэрээр гадаад оронд зургаан удаа Элчин сайдаар томилогдон ажиллаж байжээ.

Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдон ажиллахдаа таатай байгаагаа тэрээр хэлээд хоёр орны харилцан итгэлцэл, найрсаг дотно иж бүрэн түншлэлийн харилцааг улам гүнзгийрүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийллээ.

УИХ-ын дарга З.Энхболд ХБНГУ-ын Бундестагийн сонгууль амжилттай явагдсанд Элчин сайдад баяр хүргээд Бундестагийн Ерөнхийлөгчөөр ноён Норберт Ламмерт дахин сонгогдсонд чин сэтгэлээсээ баяр хүргэж буйг уламжлахыг хүслээ. Хоёр орны парламентын хоорондын хамтын ажиллагаа идэвхитэй өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаа, мөн Германы сонгуулийн хууль болон эрх зүйн системийг ихээхэн сонирхож байгаагаа УИХ-ын дарга онцлоод саяхан болсон Бундестагийн сонгуулийг ажиглахаар УИХ-ын гишүүн Р.Бурмаа тэргүүтэй төлөөлөгчид Берлин хотод ажиллаад ирснийг дуулгав. Түүнчлэн парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх үүднээс Бундестагт Герман-Монголын бие даасан бүлэг байгуулах хүсэлт тавиад энэ тал дээр дэмжлэг үзүүлэхийг Элчин сайдаас хүслээ.


УИХ-ын дарга З.Энхболд уулзалтын төгсгөлд Монгол, Германы харилцаа, хамтын ажиллагаанд Элчин сайд үлэмж хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлээд ажил үйлсэд нь амжилт хүслээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж