1000 мэргэжилтнийг Японд бэлтгэнэ

Хуучирсан мэдээ: 2014.01.29-нд нийтлэгдсэн

1000 мэргэжилтнийг Японд бэлтгэнэ

Технологийн хөгжлөөрөө дэлхийд тэргүүлдэг  Япон улсад Монголын 1000 инженер, технологийн мэргэжилтнийг  бэлтгэх болсон талаар Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ. Тодруулбал, энэ жилээс 75 сая ам.долларын санхүүжилттэй “Инженер, технологийн дээд боловсрол” төслийг хэрэгжүүлэхээр болжээ.  Төслийн хүрээнд магистр, докторын сургалтаас гадна зэргийн бус сургалт, бэлтгэл сургалт, хосолсон сургалт гэсэн таван чиглэлээр  нийт 1000 гаруй хүнийг Япон улсад сургах нөхцөл бүрдэж байгаа аж. 

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Япон улсад хийсэн айлчлалын үеэр батлагдсан “Монгол-Япон улсын дунд хугацааны хамтын ажиллагааны хөтөлбөрт “Инженер, технологийн дээд боловсрол” төслийг хэрэгжүүлэхээр тусгажээ. Түүнчлэн БШУ-ны сайд Л.Гантөмөр өнгөрсөн онд тус улсад ажлын айлчлал хийхдээ Монголын Засгийн газар,  “Жайка” олон улсын байгууллага хамтран Инженерийн дээд боловсролыг хөгжүүлэх төсөл хэрэгжүүлэхээр тохирсоны дүнд ийнхүү 1000 мэргэжилтэнг Японд сургахаар болж буй ажээ.

 “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн хэрэгцээ шаардлагын талаарх урьдчилсан судалгааг Японы талаас хийсэн байна. Төслийн хамрах хүрээ, бүтэц бүрэлдэхүүнийг тодорхойлох судалгаа, боловсруулалтыг мөн хийжээ. Уг төсөл инженер техникийн чадварлаг мэргэжилтнийг  богино хугацаанд бэлтгэх зорилготойгоос гадна ШУТИС, МУИС-ийн инженер бэлтгэх болон байгалийн ухааны хөтөлбөрүүдийг олон улсын түвшинд хүргэх, багш, эрдэмтэн судлаачдын сургалт, судалгааны ажлын чанарыг дэмжихэд чиглэх ажээ.  Японы талаас урт богино хугацаанд эрдэмтэн багш нар ирж хөтөлбөр боловсруулалт, 20 төрлийн хамтарсан судалгааг манай эрдэмтэн багш нартай хамтран хийх юм байна.  Энэ төсөл хэрэгжснээр Монгол олон улсын түвшний инженер бэлтгэх сургалтын хөтөлбөр, орчинтой болно гэж салбарынхан онцолж байна.2023 оны гуравдугаар сар хүртэл үргэлжлэх уг төслийн үр дүнд хос хөтөлбөрийн хүрээнд механик инженер, барилгын инженер, цахилгаан электроникийн инженерийн сургалтын хөтөлбөрийн шинэчлэл хийгдэж тухайн хичээлийн кредитийг Японы их дээд сургуулиуд  харилцан хүлээн зөвшөөрөхөөрөө давуу талтай ажээ.

Түүнчлэн Японы Засгийн газартай хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж буй нийслэлд метро, гүүр барих, Хөшигтийн хөндийн нисэх онгоцны буудал барих болон бусад бүтээн байгуулалт, аж үйлдвэрийн салбарт шаардлагатай инженер техникийн ажилтныг ийнхүү бэлтгэх боломжтой боллоо.

Б.МИШЭЭЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж