-Таныг шат шатны сонгуулиудын хууль дээр гаршсан гишүүн гэж хэлэхэд болох байх. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн онцлогийн талаар асуух гэсэн юм?
-Сонгуулийг маргаангүй зохион байгуулах үүднээс хуульд маш олон нэмэлт заалт оруулсан байгаа. Дотоодын болон хөндлөнгийн хяналт тавих боломжийг бүрдүүлсэн заалтууд их орсон. Тухайлбал, өмнө нь сонгуульд нэр дэвшигч, нам эвслийнхний нэрийн өмнөөс ажиглалт хийдэг байсан.
Харин энэ удаагийн сонгуульд төрийн бус байгууллагууд хяналт тавьж, мониторинг хийх боломжтой болсон. Өмнөх сонгуулиудад хэвлэл мэдээллийн байгууллагыг хянана гэж ярьдаг мөртөө хэн хяналт тавих нь тодорхойгүй байлаа. Тэгвэл одоо энэ хяналтыг тавих эзэнтэй болсон.
Хэвлэл мэдээллийн хэрэгсэл сурталчилгаа явуулахдаа хууль зөрчиж байна уу, үгүй юу гэдгийг Шударга өрсөлдөөнийг хянан зохицуулах газраас хяналт тавина. Дээрээс нь СЕХ-ны дэргэд хэвлэлийн зөвлөл ажиллана. Тэр зөвлөлд хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл орно.
-Хэвлэл мэдээллийн хэрэгсэл Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр яаж ажиллавал хууль зөрчихгүй юм бэ. Хуульд энэ талаар ямар заалтууд орсон бэ?
-Хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим хуудас ашиглан улс төрийн чансаа тогтоож зорилготой ямар нэгэн шалгаруулалт зохион байгуулахыг хориглож байгаа. Мөн бусдыг гүтгэн доромжлох, хуурамч мэдээлэл тараахыг хориглосон.
Санал авах өдрөөс долоо хоногийн хугацаанд нам, нэр дэвшигчдийн талаар санал асуулга явуулах, энэ төрлийн мэдээллийг бүх төрлийн мэдээллийн хэрэгсэл ашиглан нийтэлж тараахыг хориглосон байгаа.
Сонгуулийн сурталчилгааны явцад бусдыг гүтгэх, доромжлох, гутаах агуулгатай мэдээ, мэдээллийг төрөл бүрийн хэлбэрээр тараах нь хориотой. Сонгуулийн сурталчилгааг хуульд заасан хугацаанд буюу энэ сарын 22-ноос хойш эхлүүлэх ёстой.
Сурталчилгааны явцад бусдыг гүтгэх, доромжлох, хуурамч мэдээлэл тараахыг хориглосон. Эх сурвалжийг дурдаагүй сонгуулийн сурталчилгааны материал хэвлүүлж, тарааж, нийтэлж, нэвтрүүлэхийг хориглоно.
Хэвлэл мэдээллийн байгууллага хуульд заасны дагуу захиалагчтай заавал гэрээ байгуулсны үндсэн дээр аливаа материалыг нийтэлж, нэвтрүүлэх учиртай. Мөн дахин болон нэмэлт санал хураах ажиллагааг дуустал сонгуулийн сурталчилгаа хийхийг хориглож байгаа.
-Энэ заалтуудыг зөрчвөл тусгай зөвшөөрлийг нь хураах бил үү?
Тийм. Энэ заалтуудыг хэвлэл мэдээллийн хэрэгсэл зөрчиж байна уу, үгүй юу гэдэг дээр Шударга өрсөлдөөнийг хянан зохицуулах газраас хяналт тавина.
Ингээд тухайн байгууллага хууль зөрчсөнийг тогтоовол хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нь гурван сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлнэ.
-Эзэн хаяггүй далд сурталчилгааны материал нийтэлж, нэвтрүүлэх л юм бол хууль зөрчсөнд тооцогдох нь ээ?
-Нэр дэвшигчийн сурталчилгааны материалыг тэр нэр дэвшигч,энэ намын штабаас явуулж байгааг заавал дурдана. Хэрэв тэр материалд хэн нэгнийг гүтгэж, доромжилсон байх юм бол тухайн сонгуулийн штаб хариуцлагаа хүлээнэ.
Хэрэв нэр хаяггүйгээр хэн нэгнийг доромжилж, гүтгэсэн эвсэл далд сурталчилгаа хийж хэн нэгнийг магтсан байх юм бол тухайн хэвлэл мэдээллийн хэрэгсэл хариуцлага хүлээнэ.
-Радио, телевизийн сонгуулийн сурталчилгаа явуулах эрхийг хуульд тусад нь бүлэг болгон тусгасан байх аа?
-Олон нийтийн радио телевиз СЕХ-ноос тогтоож өгсөн хуваарийн дагуу зөвхөн төлбөргүй нэвтрүүлнэ. Бусад радио телевиз гэрээ байгуулсны үндсэн дээр төлбөртэй сурталчилгаа нэвтрүүлж болно. Гэхдээ төлбөр нь тухайн телевизийн оргил цагийн нэвтрүүлгийн хөлс мөнгөнөөс хэтрэхгүй үнэтэй байна.
Өөрөөр хэлбэл, нэг хүний сурталчилгааг хямд үнээр явуулж, нөгөөхөд нь өндөр үнэ хэлж болохгүй гэсэн үг. Ийм тэгш бус байдлаар нэр дэвшигчдэд хандаж болохгүй. Олон нийтийн радио, телевизээс бусад радио, телевизийн сурталчилгааны төлбөртэй нэвтрүүлгийг хоногт нэг цагаас илүү явуулж болохгүй.
Хоёр гурван сувагтай телевизүүд зөвхөн үндсэн сувгаараа сурталчилгааны нэвтрүүлэг явуулах эрхтэй. Олон нийтийн радио, телевиз болон бусад телевиз радиогоор цацах төлбөртэй төлбөргүй сурталчилгааны нэвтрүүлгийн хуваарь, цагийг СЕХ гаргана.
Үүнийг сонгуулийн сурталчилгаа эхлэхээс арав хоногийн өмнө гаргасан байх ёстой. Энэ нь нэр дэвшигч бүрд ижил нөхцөл, боломж, тэнцүү хугацаа ногдох боломжийг хангаж өгч байгаа юм. Тиймээс радио телевизүүд энд заасан хуваарийг дур мэдэн өөрчилж, сурталчилгааны нэвтрүүлгийн хуваарь, цагийг бусад нэр дэвшигчид шилжүүлэх ёсгүй.
Мөн радио, телевизээр улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт зохион байгуулж, нэр дэвшигчийн талаар дагнасан сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх нь хориотой. Энэ заалтуудыг зөрчсөн нэр дэвшигчийг 420.000-700.000 төгрөгөөр торгоно.
Харин уг заалтуудыг зөрчсөн хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг шударга өрсөлдөөний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дүгнэлтийг үндэслэн гурван сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлнэ.
-Энд зөвхөн радио, телевизийн тухай дурджээ. Тэгвэл сонин хэвлэлээр явуулах сонгуулийн сурталчилгааны талаар хуульд үүн шиг нарийн зааж өгсөн юм бий юу?
-Нэр дэвшигчид өөрсдөө л сурталчилгааны хэвлэмэл сонин гаргаж, с онгогчдод тараана уу гэхээс сонинд төлбөртэй сурталчилгаа нийтлүүлэх тухай асуудал хуульд тусгагдаагүй.
-Нэр дэвшигчид өдөр тутмын сонин хэвлэлээр төлбөртэй материал тавьж болохгүй гэж үү?
-Болохгүй. Намууд радио, телевизтэй гэрээ байгуулж болно. Харин сонин хэвлэлтэй сурталчилгаа явуулах гэрээ байгуулахгүй. Сонин хэвлэл нэр дэвшигчийг гүтгэж, далд сурталчилгаа явуулж болохгүй. Харин сонин хэвлэлийнхэн сонгуулийн талаар өөрсдийн анализ дүгнэлтийг хийж болно.
-Яагаад ингэж байгаа юм бол?
-Сонгуулийн зардлыг багасгах үүднээс ингэж шийдсэн.
-Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаа гурван хүн гурвуулаа төрийн өндөр албан тушаал хашиж байгаа. Тэднийг ажлаа хийж байна уу, сурталчилгаагаа явуулж байна уу гэдгийг яаж ялгах вэ гэдэг асуудал одооноос гарч байх шиг байна…
-Гэхдээ Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн гурван хүний нэг нь Ерөнхийлөгч, нөгөө нь сайд, УИХ-ын гишүүн байгаа. Тэдний үндсэн ажлын талаар мэдээлсэн мэдээ, мэдээллийг сонгуулийн далд сурталчилгаа гэж үзэхгүй. Гурвуулаа үүрэгт ажлаа хийнэ.
Гэхдээ үндсэн ажлаа хийж байхдаа сонгуулийн ажилтнуудад үүрэг даалгавар өгч, албан тушаалаа ашиглаж тэдэнд нөлөөлөх гэж оролдож болохгүй. Сонгуулийн үед гурван нэр дэвшигчид гурвууланд нь төрийн хамгаалалт гаргаж өгнө. Бусад үед төрийн унаа тэрэг ашиглаж болохгүй.
-Хяналтын тогтолцоог нэлээд сайжруулжээ…
-Сонгуулийн ажиглагчид автомат машинаар санал тоолсны дараа сугалаа сугалж сум, хороо болгоны хоёр хэсэгт хяналтын тооллого хийнэ. Санал тооллогын бичлэгийг өмнөх сонгуулиудын үед нам бүрт нэгийг өгдөг байсан.
Энэ удаад хүсвэл ажиглагч болгон тэр бичлэгийг авч үзэж болохоор болсон байгаа. Ийм байдлаар сонгууль зарласнаас хойших бүх үйл явц хяналттай болж байна. Түүнчлэн сонгуульд ажиглалт хийх эрх- тэй иргэд, төрийн бус байгууллагынхан ажиглалтаа одооноос ч тавьж болно. Энэ эрх нь хуулиар олгогдсон.
Тухайлбал, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах газрынхан сонгуулийн хэсгийн хороодоор явж, хөгжлийн бэрхшээлтэй иргэд санал өгөх боломжийг бүрдүүлж байна уу гэдгийг хянаж, шалгах боломжтой.
Яагаад гэвэл Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд иргэдийн санал өгөх боломжийг санал авах байрт бүрдүүлнэ гэж заасан байгаа. Хараагүй иргэд ч хэн нэгний тусламжгүйгээр барелл үсэгтэй саналын хуудсан дээр саналаа өгөхөөр болж байна.
Бичиг үсэг тайлагдаагүйгээсээ болж саналаа өгөхөөс санаа зовдог байсан сонгогчдод ч энэ хууль боломж олгож байгаа. Өөрөөр хэлбэл, сонгуульд нэр дэвшигчдийн зургийг саналын хуудсанд хэвлэсэн учраас түүнийг харж сонголтоо хийнэ гэсэн үг.
-Ухуулга сурталчилгаа хийх процессыг яаж зохицуулсан бэ?
-Сонгуулийн процесийг нэлээд нарийвчилж өгсөн. Ухуулга сурталчилгаагаа яаж хийх үү, намын тугийг яаж ашиглах юм, сонгуулийн хэдэн ухуулагч, шадар туслахтай байх вэ гэдгийг нарийн зааж өгсөн.
Өмнө нь аливаа нам, нэр дэвшигчийн ухуулагч, шадар туслахууд айлын гэрт очоод “Танайх ухуулах байр шүү, дөрвөн хүнээ ухуулна шүү" гээд мөнгө тараагаад явдаг байсан. Тэгвэл одоо ийм зүйл байхгүй.
Ухуулагч, шадар туслахууд заавал тухайн дүүрэг, сумынхаа сонгуулийн хороонд эхэлж бүртгүүлээд ухуулагч, шадар туслахын үнэмлэх авч зүүнэ. Ухуулга, сурталчилгаанд ашиглаж байгаа машинууддаа ч аль штабынх гэдгээ мэдэгдэх таних тэмдэг наана.
Ийм учраас ажлаа алдан, хавтгайрсан сурталчилгааг хязгаарлаж өгнө. Энэ зүйл заалтууд бүх нэр дэвшигчийг адил тэгш гараанаас сурталчилгаа хийх эрхийг хангаж өгч байгаа юм.
-АН төр барьж байгаа учраас энэ сонгуулийг тэдний угшилтай хүмүүс зохион байгуулна. Тэгэхээр сонгуулийн дүн АН-ын талд гарна гэж хардаж шүүмжлэх тал МАН-д байна л даа?
-2012 онд сонгуулийг төрийн албан хаагчид зохион байгуулсан. Ардын нам олонхи байхдаа энэ зохицуулалтыг хуульд оруулсан шүү дээ. Бодвол өөрсдөө л ингэж сонгуулийн дүнг өөрийнхөө талд гаргадаг байсан юм байлгүй.
Миний бодлоор бол төрийн албан хаагч хуулийн дагуу, хэн нэгний талд оролгүй ажиллах ёстой. Хуулиа зөрчиж ажиллах юм бол төрийн албанд нэг жил ажиллах эрхээ хасуулж ажлаасаа халагдана шүү дээ. Дээр нь хийсэн зөрчлийнхөө хэмжээгээр эрүүгийн болон захиргааны хариуцлага хүлээнэ.
Тиймээс энэ сонгуулийн дүнд төрийн албан хаагчид нөлөөлж, будилуулах боломж байхгүй. Хэрэв тэгнэ гэж хардаад байгаа бол намууд болон төрийн бус байгууллагууд одооноос ажиглагчдаа хэсгийн хороодод тавих хэрэгтэй.
Сонгогчдын нэрийн жагсаалт хууль ёсны дагуу будлиангүй байна уу гэдгийг хянах хэрэгтэй. Иргэд ч өөрсдөө нэрийн жагсаалттайгаа өөрсдийн нэрээ тулгаж, шалгах боломжтой. Сонгуулийн хэсгийн хороодын үйл ажиллагаа, хурал нь нээлттэй болох ёстой.
Тэнд намуудын ажиглагч очиж суугаад бичлэг хийх эрх нь одоо нээгдчихсэн байгаа. Хуулиар олгогдсон энэ эрхээ эдлэхгүй, элдэв хардлага сэрдлэгийн тухай ярих хэрэггүй болов уу.
-Өмнөх УИХ-ын сонгуулиар нэг хаяг дээр маш олон сонгогч бүртгэгдсэн зөрчил гарсан. Энэ алдаа давтагдахгүй биз дээ?
-Өмнө нь маш олон байгууллага сонгогчдын нэрийн жагсаалтыг гаргадаг байсан. Иргэний бүртгэл, Статистикийн газар, сонгуулийн хэсгийн хороод, Засаг дарга нар гаргадаг байлаа. Тэдний жагсаалтууд хоорондоо зөрдөг байсан байхгүй юу.
Тэгвэл одоо энэ ажлыг хариуцах нэг л эзэнтэй болсон. Тэр нь Иргэний бүртгэл. Хэрэв сонгогчдын нэрийн жагсаалтад ямар нэгэн зөрчил гарч, сонгууль будлиантсан бол зөвхөн Иргэний бүртгэлийнхэн хариуцлага хүлээнэ. Иргэд интернэтэд орж, регистрийн дугаараа хийгээд өөрийнхөө хаяг дээр хэдэн сонгогч бүртгүүлсэн болохыг шалгах боломжтой.
Мөн хэсгийн хороод тухайн дүүрэг, сумын сонгогчдын нэрийн жагсаалтыг ил гаргаж тавина. Сонгогчид тэндээс хаяг дээрээ бичигдсэн хүмүүсийн нэрийг шалгах боломжтой. Ингээд санал хураах ажил эхлэхээс арав хоногийн өмнө нэрийн жагсаалтад өөрчлөлт оруулах гомдол гаргаж болно.
Өөрөөр хэлбэл, зургадугаар сарын 16 хүртэл нэрийн жагсаалтдаа өөрчлөлт оруулах боломжтой гэсэн үг. Иргэдийн гаргасан гомдлыг шуурхай шийдэж чадахгүй бол УИХ-аас гаргасан сонгогчдын нэрийн жагсаалтад хяналт тавих дэд хороонд хандаж болно.
-Ийм дэд хороо гарсан юм уу?
-Ийм тусгай дэд хороо гарсан. Дарга нь Ж.Батзандан Тэнд би гишүүнээр орсон. Сонгогчид өмнө нь зөвхөн өөрийнхөө өмнөөс гомдол гаргадаг байсан бол одоо гэр бүлийн гишүүдийнхээ өмнөөс гомдол.гаргах эрхтэй болсон.
Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн нэг онцлог нь иргэд, сонгогчидтойгоо хамтран сонгуулиа шударга явуулъя гэдэгт оршиж байгаа. Иргэд сонгогчид өөрөө сонгуульд хяналт тавина гэсэн үг. Хэрэв сонгуулийн үеэр нэр дэвшигч эд бараа, мөнгө тараасан бол цагдаагийн байгууллагад хандана.
Ингээд нэр дэвшигч мөнгө тараасан нь нотлогдвол үүнийг илчилсэн сонгогч авсан мөнгөө 20 дахин нэмэгдүүлж урамшуулал авах эрхтэй болж байгаа. Дараа нь энэ мөнгийг мөнгө тараасан буруутай этгээдээс СЕХ нөхөж авна.
Сая Увсын тойрогт мөнгө тараасныг гэрчилсэн сонгогчид 100 мянган төгрөгөө арав дахин үржүүлж сая болгож авсан шүү дээ. Тэгвэл Ерөнхийлөгчийн сонгуульд 100 мянган төгрөг авсан сонгогчид түүнийгээ илчилбэл хорь дахин үржүүлж, хоёр сая болгож авах нь байна шүү дээ.
-Увсын шударга сонгогчид сонгуулийн булхайг илчилж урамшууллаа авч, Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарыг мөнгө тараасныг нотоллоо. Гэтэл энэ хоёр хүн яагаад зүгээр яваад байгаа юм бол?
-Увсад мөнгө тараасныг тогтоохоор хуралдсан шүүх хуралд би суусан. Ингээд Дээд шүүх нэр дэвшигчид мөнгө тараасан нь тогтоогдсон тохиолдолд тэдний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг шийдэх нь СЕХ- ын бүрэн эрхийн асуудал гэж үзсэн. Тийм учраас асуудлыг СЕХ шийднэ.
Ямар ч байсан шүүхийн эцсийн шийдвэр гарч, УИХ-ын 2012 оны сонгуулиар Увсад мөнгө тараасан нь нотлогдсон. Тэр хүмүүс ч энэ булхайг илчилсэн учраас сая урамшууллаа авлаа. Дээд шүүхийн хурал дээр Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн хоёр 1093 айлд энэ маягаар мөнгө тараасан гэдгээ өөрсдөө хэлж байна лээ. “Бид 1093 хүнд мөнгө тараасан” гэж.
Тэгэхээр сонгуулийн үеэр мөнгө тарааж, сонгуулийн дүнг өөртөө ашигтайгаар гаргуулж, УИХ-ын гишүүн болчихоод бандан тас гээд явдаг зүйл өнгөрсөн. Сонгуулийн цараа ч гэсэн буруутай этгээдийн буруутайг тогтоогоод эргүүлэн татах боломж бий.