Өнөөдрийн чуулганы хуралдаанаас өмнө байнгын хороо хуралдаж төсөлд зарим өөрчлөлт оруулсан бөгөөд “Газрын тосны тээвэрлэлтийн дэд бүтцийн зардлыг гэрээлэгч хариуцан өөрийн хөрөнгөнөөс гаргах бөгөөд уг зардлыг орд ашиглалтын үйл ажиллагааны төлөвлөгөөндөө тусгана” гэсэн заалтыг агуулгын хувьд давхардсан хэмээн үзэж хасах зэрэг зохицуулалт хийсэн байна.
Хуралдааны үеэр гишүүн Ж.Энхбаяр “100 долларын үнэтэй зүйлийг 1000 доллар гэж бүртгэж оруулж ирдэг тохиолдол гардгийг би мэднэ. Иймд хөрөнгө оруулалтын зардлыг бодитой байлгах ёстой. Гэтэл хуулийн заалтаас хөрөнгө оруулалтын зардлыг хянах боломжийг үгүйсгэж байгаа нь ямар учиртай юм бэ”
Б.Гарамгайбаатар “Байнгын хороон дээр энэ асуудал яригдсан. Олонхиороо шийдсэн. Тухайн аж ахуйн нэгж өөрсдийнхөө хөрөнгө оруулалтыг зохиомлоор өсгөхийг хэн өсгөсөн байна вэ гэж шийдэх талаар маргаан байгаа юм. Иймд холбогдох шугамаар шалгадаг байгууллагууд нь шалгахад заавал энд хуульчлаад байх шаардлагагүй гэж үзсэн” хэмээн хариуллаа.
Дараагаар нь гишүүн Н.Номтойбаяр “энэ хуулийн төсөл дээр ер нь газрын тосны асуудлыг мэддэг хүн байгаа юм уу. Голдуу худалдааны хүмүүс л байх юм. Ганц цооног ухахад л гурван сая долларын зардалтай байдаг салбар шүү дээ. Дотоодын компаниуд газрын тосны салбарт хөрөнгө оруулалт хийхэд эрсдлээс бага боловч хамгаалагдах заалт байж болдоггүй юм уу” гэсэн байна. Үүнд байнгын хороог төлөөлөн Б.Гарамгайбаатар “Энэ ажлын хэсэг их хурлын даргын захирамжаар байгуулагдсан. Дэд ажлын хэсэгт мэргэжлийнх нь хүмүүс оролцсон. Бүтээгдэхүүн хуваах гэрээнээс гадна, концессийн гэрээг оруулж ирсэн. Үндэсний аж ахуй нэгжийг дэмжих заалтууд орсон. Тухайлбал, туслан гүйцэтгэгчийг авахаар бол үндэсний компани байх зэрэг заалт байна” гэсэн юм.
Энэ хууль гарснаар газрын тосны салбарт төрийн байгууллагын эрх үүрэг тодорхой болж, газрын тос ашигласаны төлбөр (роялти)-болон тусгай зөвшөөрлийн төлбөрийн хувь хэмжээ, түүнийг ногдуулах, хөнгөлөх, чөлөөлөх болон тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, газрын тос эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаанд хяналт тавихтай холбоотой харилцаа боловсронгуй болох, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах үед мөрдөгдөж байсан татварын нөхцлийг хадгалсанаар хөрөнгө оруулалтын эрх зүйн таатай орчин бүрдэнэ гэж буй бөгөөд газрын тосны ашиглалтын төлбөр суманд 10, аймагт 10 хувиар орох, энэ салбарт үйл ажиллагаа явуулах гадаад дотоодын компаниудын ажиллах нөхцөл сайжирна гэж тооцжээ.
Гишүүн Су.Батболд “Одоо байгаа хүмүүс маань тусгай хамгаалалттай газарт ч хамаагүй одоо хайж олоод ашиглана гэж байна. Бид ямар турж үхэх гэж байгаа биш. Засгийн газраас санал орж ирээгүй байхад “хилийн зурвас газарт” хайх зэрэг санал ажлын хэсгээс орж ирсэн нь ямар учиртай юм бэ” гэж тодруулахад ажлын хэсгийнхэн “Хөрш орнууд маань хилдээ тулгаж ирээд газрын тосоо олборлож байна. Газрын тос маань шингэн хэлбэртэй учраас хилд тулгаж олборлолт явуулж байгаа нь манайд хамаарах тосыг маань сорж авахыг ч үгүйсгэхгүй шүү дээ. Иймд ийнхүү санал гаргаж ирсэн” гэв.
С.Батболд лавшруулан “Жижиг зүйлээр шалтаглан уул усны эх рүүгээ халдах боломжийг нь өгчихөж болохгүй шүү дээ. Хэрэв гаднаас хөрш орнууд сороод байгаа юм бол жишээ нь хаана байна” гэхэд ажлын хэсгээс “Хайлаарын сав газарт хамаарах газар Хятадын тал олборлолт, Сүхбаатарын Эрдэнэцагааны Өвөрбулагийн 110 сая тоннын орд, ГовьАлтайд бас бий” гэсэн юм.